“Sanctuary” хотуудад хугацаатай анхааруулга илгээжээ

Хууль бус цагаачдад ээлтэй хотуудтай хариуцлага тооцно

Өчигдөр (Баасан гараг)-т АНУ-н Хууль Зүйн Яамнаас Калифорниа муж болон өөр 8 хотод үзүүлэх санхүүжилтээ танах хугацаатай анхааруулга өгчээ. Энэ нь “Sanctuary” буюу бичиг баримтгүй цагаачдад ээлтэй гэгдэх хотуудтай хариуцлага тооцох Ерөнхийлөгч Трампийн амлалттай холбоотой юм. Холбооны цагаачлалын хуулийг хэрэгжүүлэх, Холбооны цагаачлалын албатай хамтарч ажиллахаас татгалздаг “Sanctuary” хотуудад Холбооны Засгийн газраас үзүүлдэг санхүүжилтийг танах, бүр зогсоох хүртэл арга хэмжээ авна гэж Вашингтон анхааруулаад байсан юм.

Хууль бус иргэдийг зөвхөн цагаачлалын статусын улмаас барьж саатуулахаас цааргалдаг эдгээр “Sanctuary” хотууд холбооны цагаачлалын хуулийн хэрэгжилтийг хангах санхүү хүрэлцээгүй, хууль бус цагаачдыг саатуулах барилга байгууламжийн боломжгүй гэсэн тайлбар өгдөг ажээ.

Холбооны Засгийн газраас дараах хотуудад анхааруулга явуулж, шаардлагыг биелүүлээгүй нөхцөлд тус яамнаас үзүүлдэг санхүүжилтийг зогсоохыг анхааруулжээ. Эдгээрт: California; New York City; Chicago; Philadelphia; Clark County, Nevada; New Orleans; Miami-Dade County, Florida; Milwaukee County, Wisconsin. Cook County, Illinois зэрэг хот, мужууд байна.

Дээр дурьдсан хотууд 06 сарын 30-с өмнө тухайн орон нутаг холбооны ямар нэгэн хууль журмыг зөрчөөгүй гэдэг нотолгоог Холбооны засгийн газарт ирүүлэх учиртай ажээ. Өөрөөр хэлбэл Холбооны цагаачлалын хуулийн хэрэгжилтийг хангахаас татгалздаг байдлыг эцэслэх ёстой гэсэн үг юм.

Хууль зүйн Яамны анхааруулгад Чикаго, Нью Иорк хотуудад тусгайлан хандаж, эдгээрх хотуудад цагаачлалын хуулийг сахихгүй байгаагаас гэмт хэргийн гаралт хэт өндөр байгааг сануулжээ.

Дашрамд дурьдахад Калифорниа мужийн Сенатаас хууль бус цагаачдыг саатуулах, албадан гаргах ажилд мужийн цагдаагийн хүчийг дайчлах ажлыг хязгаарлах тухай хуулийн төслийг батлаад байгаа бөгөөд тухайн хууль одоо мужийн Ерөнхий Ассемблейд хэлэлцэж байгаа билээ. Хэрэв хууль батлагдвал “Sanctuary” статусыг хуульчилсан АНУ-н анхны муж болох юм.

Be the first to comment

Leave a Reply