Ерөнхийлөгч Доналд Трамп өөрийн Засаг захиргаанаас ‘АНУ-ын Цагаачлалын талаар баримтлах бодлого, зарчим’-ын талаар Төлөөлөгчдийн танхим болон Сенатад хандаж захидал илгээв.
Тэрбээр хилийн аюулгүй байдлыг хангах, хууль сахиулах, чадавхид суурилсан цагаачлалын тогтолцоо (Merit based immigration) гэсэн 3 чиглэлээр цагаачлалын бодлогоо тодорхойлсон байна. Тухайлбал, АНУ-аас улс төрийн орогнол хүссэн 500 мянга гаруй иргэний асуудал өдий болтол шийдэгдээгүй буюу тухайн иргэний асуудлыг шүүх шийдэх хүртэл тухайн иргэн АНУ-д байх боломж олгодог хуулийн цоорхойг арилгах, өөрчлөх шаардлагатай тухай дурьджээ. Иймд шүүх дээр хэрэг нь хүлээгдэж буй цагаач иргэдийн хүсэлтийг шийдвэрлэх зорилгоор цагаачлалын асуудал хариуцсан шүүгчийн тоог 370-аар нэмэгдүүлэх хэрэгтэй гэж үзэж байна. Түүнчлэн 320 сая хүн ам бүхий АНУ-ын нутаг дэвсгэрээр олон сая жуулчид, бизнесийнхэн зорчдог байдлыг харгалзан прокурорын тоог 370- аар, Цагаачлал, гаалийн албаны орон тоог дахин 1000 (өмнө нь 10 мянгаар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан)-аар тус тус нэмэгдүүлэх аж.
Мөн АНУ-д хууль бусаар оршин суугаа иргэдийг саатуулахдаа тэдний тус улсад оршин суугаа статусыг асуухыг хориглосон (Sanctuary) зохицуулалттай муж, хот, дүүргийг Холбооны хууль тогтоомжтой нийцүүлэх арга хэмжээ авах, Холбооны цагаачлалын хуулийн хэрэгжилтийг биелүүлэхээс зайлсхийсэн хотуудад Холбооны засгийн газраас олгодог тусламжийн санхүүжилтийг зогсоох арга хэмжээ авахыг холбогдох яам, агентлагт даалгаад байна.
АНУ-д ажиллах виз олгодог өнөөгийн цагаачлалын тогтолцоог мэргэшсэн ажилчид авах бодлого бүхий болгон өөрчлөхөөр тусгажээ. Ийнхүү чадавхид суурилсан цагаачлалын тогтолцоог хэрэгжүүлэхдээ боловсрол, англи хэлний мэдлэг, өндөр цалинтай ажлын санал, нас, хувь хүний ололт амжилт, шинэ санаа, санаачилгыг дэмжиж, тус бүрд нь оноо олгохоор тодорхойлжээ. АНУ-д хууль бусаар оршин суугаа иргэдийн 40 хувь нь АНУ-д байх визийн хугацаа хэтрүүлсэн иргэд байгааг онцолсон байна. Мөн АНУ-д хуулийн дагуу ажил эрхлэх бол тухайн иргэний статусыг шалгах цахим тогтолцоо (E-verify)-г нэвтрүүлж, хууль бусаар оршин суугаа иргэдийг ажиллуулсан тохиолдолд ногдуулах торгуулын хэмжээг нэмэгдүүлэхээр заажээ.
Мэдээг орчуулж бэлтгэсэн Г.Баттуяа
Leave a Reply
You must be logged in to post a comment.