Ерөнхийлөгч Доналт Трамп өнөөдөр Дотоодыг Хамгаалах Яаманд зочлох үеэр цагаачлал, үндэсний аюулгүй байдалтай холбоотой хоёр зарлигт гарын үсэг зурлаа.
Эхний зарлиг нь АНУ-Мексикийн хил дагуу хана барих тухай байсан бол хоёр дахь зарлигт цагаачлалын хуулийг чангатгах, хууль бус цагаачдыг хоргодуулдаг хотуудын холбооны санхүүжилтийг хязгаарлах тухай байна.
Зарлигт гарын үсэг зурах ёслолын үеэр Ерөнхийлөгч “…Бид АНУ-д хууль журмыг дахин сэргээнэ…. хил хязгаарыг үндэстнийг ямар үнэстэн гэх вэ. Өнөөдрөс эхлэн Америкчууд хил хязгаараа тохинуулж хянаж эхэлнэ…” гэж мэдэгдсэн юм.
Гарын үсэг зурах ёслолоос хожим зарлигуудын эх хувь нийтлэгдсэнээр олон нийт тухайн зарлигуудын дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой болсон юм.
АНУ-ын өмнөд хил дагуу бодит хана хэрэм барих ажил Трампийн сонгуулийн гол амлалтуудын нэг байсан билээ. Ерөөнхийлөгч “…хана барих ажлыг бид аль болох яаралтай гүйцэтгэж эхэлнэ…” гэж хэлсэн үгэндээ тодотгож байв. Тэрээр өмнө нь энэ зардлыг Мексик улс төлөх ёстой гэж мэдэгдэж байсан ч өнөөдөр энэ тухай тайлбарлахдаа эхний ээлжинд хана барих зардлыг Америкийн татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлэх боловч хэтдээ Мексик улс энэ зардлыг нөхөн төлөх ёстой гэж мэдэгдэж байлаа. Өнөөдрийн гарын үсэг зурсан өмнөд хилийг чангатгах тухай зарлигт хил дагуу бичиг баримтгүй нэвтрэх байдлыг арилгах зорилгоор хилийн харуул, эргүүлийг нэмж байршуулах тухай тусгаад байна.
Хоёр дахь зарлигт цагаачлалын хуулийг хэрэгжүүлэгч агентлаг болох Цагаачлал, Гаалийн Алба (ICE)-ны хүн хүч, санхүүжилттэй холбогдож байна. Зарлигт дурьдсанаар Цагаачлал, Гаалийн Алба бичиг баримтгүй иргэдийг илрүүлэхэд тухайлан чиглэдэг ” Secure Communities” Хөтөлбөрийг сэргээх тухай байгаа бол мөн Төрийн Департмент бичиг баримтгүй иргэдээ татаж авахгүй байгаа, эсвэл АНУ-с албадан гаргасан иргэдээ хүлээн авахаас татгалзсан улс орнуудад зарим төрлийн виз олгохгүй байх, түр хойшлуулах, бичиг баримтгүй иргэдийг орогнуулдаг “Sanctuary” хотуудад холбооны засгийн газраас олгодог буцалтгүй тусламж, санхүүжилтийг зогсоох тухай заажээ. Дашрамд дурьдахад “Sanctuary” хот гэдэг нь хууль бус цагаачдыг шалгах, саатуулах, албадан гаргах ажилд холбооны засгийн газрын хүн хүч, санхүүжилтийг ашиглахаас татгалздаг буюу бичиг баримтгүй иргэдийг баривчилдаггүй хотуудыг хэлдэг. Учир нь хорих, саатуулах газрууд нь тухайн орон нутгийн төсвөөр санхүүждэг тул орон нутаг хорих төвд хэнийг саатуулах тухай өөрсдөө шийдэх эрхтэй байдаг ажээ. Одоогоор ийм бодлого барьдаг 20 орчим хот бий гэж үздэг байна.
Эдгээр зарлигт Ерөнхийлөгч Дотоодыг Хамгаалах Яамны сайдаар John Kelly-г батламжлах ёслолын дараа гарын үсэг зурсан юм.
Ийнхүү Ерөнхийлөгч Трамп сонгуулийн өмнө амлаж байсан амлалтуудаа амьдралд хэрэгжүүлэх зоримог алхмуудыг яаравчлан хийж эхэллээ. Ерөнхийлөгч Трамп албан ёсоор эрх шилжүүлж авсан өдрөөс эхлэн бараг өдөр бүр гарын үсэг зурж буй зарлигийг “Executive Order” гэдэг. Энэ нь Ерөнхийлөгч Конгресийн оролцоогүйгээр өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдэж болно гэсэн асуудлаар шууд зарлиг гаргаж хэрэгжүүлдэг арга хэмжээ юм. Өмнө нь Ерөнхийлөгч Обама хүүхэд ахуй насандаа АНУ-д бичиг баримтгүй ирсэн залууст түр оршин суух зөвшөөрөл олгох “DACA” хөтөлбөрийг мөн “Executive Order” гарган хэрэгжүүлж байсан билээ.
Leave a Reply
You must be logged in to post a comment.