Одоогийн 2019-2020 оны хичээлийн жилд Арлингтон хотын ЕБС-д шинээр шилжин ирж буй сурагчдыг бүртгэх түр онлайн бүртгэл (Conditional Online Registration) эхэллээ.
Хотын ЕБС-иуд болон Бүртгэлийн Алба хаагдаад байгаа ч сурагчдын бүртгэлийг зөвхөн онлайнаар бүртгэж эхлэх шийдвэр гарч, бүртгэлийн ажил эхлэхэд бэлэн болжээ. Хэрэв 2019 оны 09 сарын 30-с өмнө 5 нас бүрэн хүрсэн хүүхдүүд ба түүнээс дээш настай хүүхдүүд Арлингтон хотод шилжин ирж байгаа бол дараах зааврын дагуу бүртгүүлнэ:
Алхам 1: Таны оршин суугаа хаяг Арлингтоны ЕБС-д хамаарах эсэхийг ЭНД дарж шалгана уу. Хэрэв хотын сургуульд хамаарч байгаа бол:
Алхам 2: Бүртгэлийн маягт (Student Registration Form)-ыг бөглөж, PDF-р компьютерт хадгална. Бүртгэлийн маягтад ЭНД дарж нэвтэрнэ үү.
Алхам 3: Дараах шаардлагатай бичиг баримтуудын PDF (PDF хийх боломжгүй бол гаргацтай авсан зураг) хуулбарыг бэлдэнэ. Эдгээрт:
- Эцэг эхийн нэр дээрх Байрны Гэрээ (Lease Agreement) Үл Хөдлөхийн Гэрчилгээ (Deed of Trust)
- Хэрэв эцэг, эх өөрийн нэрээр Түрээсийн Гэрээгүй, өөр айлд түр амьдарч байгаа бол тухайн амьдарч буй өрхийн Байрны гэрээ (Lease Agreement) Үл Хөдлөхийн Гэрчилгээ (Deed of Trust)-ийн хамт Residency Form A болон Residency Form B -ийг бөглөж, нотаратиар батлуулна.
- Эдгээрийн хамт эцэг эхийн хэн нэгний нэр дээр гарсан хэрэглээний (ус, цахилгаан, интернэт г.м) нэхэмжлэл захиа юм уу автомашины бүртгэлийн Гэрчилгээ, эсвэл жолооны үнэмлэх (State issued DL or Photo ID)
- Хүүхдийн Төрсний Гэрчилгээ
- Эцэг эхийн Жолооны Үнэмлэх (Driver’s License or Photo ID) юм уу жолооны үнэмлэхгүй бол Гадаад Паспорт
- Хүүхдийн өмнөх сургуультай холбоотой бичиг баримтууд (хувийн хэрэг, дүнгийн хуулбар болон IEP-тусгай боловсролтой холбогдох баримтууд)
Алхам 4: Дараах линкээр орж бэлтгэсэн бичииг баримтаа бөглөж гарын үсэг зурсан Student Registration Form-ийн хамт Arlington Public Schools-ийн системд оруулна.
АНХААР: Эцэг эх өөрийн нэр дээрх хувийн имэйлийг ашиглах бөгөөд хэрэв нэгээс дээш хүүхэд бүртгүүлэх бол бүх хүүхдийн бичиг баримтыг нэг доор хуулж болно.
Document Secure Upload Link
Алхам 5: Арлингтоны ЕБС-ийн албан хаагчид илгээсэн бичиг баримтыг хянаж үзээд эцэг эхтэй холбогдож онлайн уулзалт (Virtual Meeting) хийх цаг товлоно. Онлайн видео уулзалтыг Microsoft Teams апп-р хийх тул компьютер юм уу утсан дээрээ татаж суулгана уу.
Онлайн уулзалтын үеэр бүртгэлийн ажилтан бичиг баримтын талаар нэмэлт тодрруулга хийж, мөн зарим бичиг баримтын эх хувийг харах хүсэлт тавьж болох онлайн уулзалтын үед бүх бичиг баримтын эх хувийг бэлэн байлгах шаардлагатай.
Мөн уулзалтын явцад бүртгэлийн ажилтан цаашид хэрхэх зааврыг өгөх бөгөөд сургуулиуд нээгдэж сурагчид цуглах үед сургуулийн бүртгэлийн ажилтан онлайнаар бүртгүүлсэн эцэг эхтэй нүүр тулан уулзаж, бичиг баримтын эх хувийг хуулбартай тулгаж баримжуулна.
Онлайн бүртгэлийн үед ямар нэгэн эрүүл мэндийн маягт, вакцин шаардахгүй ч сургууль дахин нээгдэх үед эрүүл мэнд, вакцины бичиг баримтыг бүрдүүлж сургуульдаа өгөх шаардлагатай.
Эцэг эхийн болон хүүхдийн хувийн бичиг баримтыг зөвхөн дээр оруулсан линкээр оруулах бөгөөд имэйлээр явуулахгүй байхыг хүсье.
Ирэх жилийн 2020-2021 оны хичээлийн жилийн бүртгэл хараахан эхлээгүй бөгөөд шинэ жилийн хичээлийн бүртгэл эхэлмэгц жич зарлах болно.
Leave a Reply
You must be logged in to post a comment.