Ерөөс оторт гарсан тэр өдөр Дэжид урьд өмнө үзээгүй, дуулаагүй нэгэн шинэ ертөнцийн хаалгаар орсон мэт харагдах сонсогдох юмны өнгө дуу ч өөр, бодогдох санагдах юмны учир шалтаг ч өөр, давагдашгүй бэрх, тайлагдашгүй нууц гэж үгүй бөгөөд харин энэхүү өөр ертөнцийн хаалга зөвхөн түүнд ганцааранд нь нээгдсэн мэт санагдан, юм бүхэн сонин, сайхан гайхамшигтай мэт байснаа төдөлгүй тэрхүү ертөнц нь гачлантай эл хул тэвчиж үл барам уйтгартай болж ирэв. Гурав, дөрөв дэх хоногоос хүү нь ч гэсэн энэ тэрнийг сонирхохоо болин, үүргэлж морин дээрээсээ уначих гэж айлгах юм уу эсвэл ам цангалаа гэдэс өлслөө гэж буюу заримдаа харъя ээжээ, аягүй бол аав ирчихээд хүлээгээд байгаа гэдэг болов.
Өөрөө ч хэрэггүй наашаа гарлаа, элдэв амьтны хэрэгт дурлах дэл сул эрчүүлийн гоочлох гэх энэнээс л дор байв гэж бодох авч Багаа өвгөнтэй зөрөн, зөрөн отор хийнэ энэ тэр гэж явчихаад арав хонолгүй ямар нүүрээрээ буцах билээ хэмээн буцашгүй юманд орсондоо өөрийгөө зэмлэн, юутай ч арав хоноё энэ хооронд тэнгэр муухайрдаг аз байдаг юм уу, үгүй юм уу гэж үйл ч үгүй, салхи ч үгүй, өнгө ч үгүй тэнгэрийг ширтэн, дургүй цагтаа дусал ч хургүй энэ хов хоосон тэнгэрийн эрхшээл дор яах гэж яваа билээ хэмээхүй бодол нь мухардан эргэн тойрны анир чимээгүй, хөдөлгөөнгүй, нозоорсон халуунд амьд яваагаа ч мартахад хүрэх аж. Хүлээн авагчийн зай ч дорхноо муудан, дуулдахын төдий шивнэж байснаа таг болоход өдөр хоног ч хөдөлгөөнгүй болсон мэт бөгөөд ер нь энэ ертөнцөд юү хөдөлж юү урагш давшиж буйг Дэжид мэдэхийг больжээ.
Дөрөв дэх хоногийн өглөө эрт хонио бэлчээчихээд ачаалах гэтэл хүү нь нойрмоглоод боссонгүйд Дэжид ганцаараа майхнаа буулган ачих гэж оролдсон боловч тэмээ нь босч давхиад ачуулахгүй болохоор тэмээгээ сөглөж байлгах санаатай хүүгээ дахин дахин дуудсаар арай гэж сэрээсэн хэр нь хүү нь өндийж суучихаад хөдөлсөнгүй. Дэжид «Яав миний хүү, бие нь өвдсөн үү» гэхэд хүү дуугарсангүй.
–Миний хүүгийн гэдэс нь өвдөөд байна уу?
–Толгой нь өвдөөд байна уу…
–Яасан? Аа? За ээждээ хэлчих. Ээж хүү хоёр оройтчихвол дараачийн худаг хүрч малаа усалж чадахгүй шүү дээ. Тэнгэр ч бүрхэг байна.
–Харина. Аавдаа очно.
–Харинаа, харина. Ингэж явж байгаад одоо зургаахан хоночихоод л хоёулаа харьчихна. Одоо аав чинь байх ч үгүй, хадланд явчихсан.
–Худлаа. Аав хадланд яваагүй.
–Явсан. Харин чи бид хоёрыг очсоны маргааш л хүрээд ирэх бий вий. Одоо хоёулаа эртхэн хөдөлье. Майхан тогоо шанагаа ачна. Худаг дээрээс онгоц ховоогоо авчирна. Ээж хүү хоёрт их ажил бий, ингэж сууж болохгүй за? За бос.
–Үгүй би харина. Аавдаа очно.
–Аав чинь байхгүй, хадланд явчихсан гээд байхад чинь зөрүүдлээд суугаад байх юм, тэгж байж чи алганы амт үзэвээ.
–Үгүй худлаа. Шал худлаа. Та дандаа худлаа хэлдэг. Би явахгүй. Би аавдаа очно. Гэхэд нь Дэжидийн уур гэнэт дүрхийн,
–Тэг тэг. Одоо ингээд гүйгээд яв. Чиний тэр хаяад явсан эцэг чинь авдаг юм бол хамаа байсан уу. Би яахав тэртэй тэргүй ганцаараа хүн. Тэгж яваад л үхнэ биз гэж хэлээд Дэжид хүүгийн дэргэдээс босч хомтой тэмээ рүүгээ очин, бурантагнаас нь амьсгаа чөлөөгүй дугтчин байж хэвтүүлээд урьд хоёр хөлий нь богочин шилээр даруулан хүлчихээд ачаагаа ачиж эхлэв.
Хүү тэр суусан янзаараа хааяа нүднийхээ булангаар эх рүүгээ харан хэсэг сууснаа эхийгээ онгоцоо ачихаар тэмээгээ хөтлөн худаг руу явахад сая босч хойноос нь очин, онгоцны нэг талаас өргөлцөв. Дэжид ч нүүр өгөхгүй гэсэн бололтой түүнийг онгоц өргөлцөж дэм болж байна ч гэж тоосон янзгүй байлаа. Ачаалж дуусмагц хүү хоёр морь руугаа гүйн очиж эхийнхээ морийг хөтөлж авчирч өгөөд, өөрөө мориндоо мордон бараа нь тасрах шахсан хонь руугаа давхижээ. Энэ өдөр Цэдэн Иш хүү энэ тэр рүү гүйж харайн, алив ажил бүхнээ Дэжидийг хэлэхээс өмнө санаагаараа хийн гэмшсэн янзтай ч юм шиг үе үе эх рүүгээ хялавхийн харах авч Дэжид түүний нь хараа ч үгүй юм уу анзаараагүй байдал гаргана. Тэнгэр бүрхэн, бороо ч орох янзтай болсонд Дэжид эртхэн бууж майхнаа шааж, төвхнөхийг бодов. Тэднийг буувуу үгүй юу салхи шороо босч бороо шивэрч эхэллээ. Хоёул салхи бороон дундуур майхнаа босгон, морь малаа чөдөрлөн хонио хотлуулчихаад Дэжид гал түлж тогоон дээрээ цай үйв. Өдрийнхөө явдалд ядарч галын илчинд дулаацсандаа хүү нь унтаад өгчээ. Дэжид цайгаа хам хум болгож уудлаад ороо засан хүүгээ унтуулж, хажуугаар нь бүхлээрээ хэвтэв. Бороо шижигнэн салхи майхны бааданг хөвхөлзүүлэн нүүрэн дээр нь үе үе усан манан сэрүү татуулан буух авч Дэжид түүнийг огт үл анзааран гагцхүү энэ бороо нозоорол, ганцаардал бүхнээс нь ангижруулж буйг ямар нэгэн далд баярын зөн сэтгэлд нь татан буйг амтархан мэдэрч хэвтэхдээ уурын мунхагт хэлэх хэлэхгүй үг хүүдээ хэлж сэтгэлий нь сэвтээчихлээ гэж өөрийгөө зэмлэн, чухамхүү яаж гэмээ цагаатгаж, хүүгийнхээ сэтгэлийг засдаг юм билээ хэмээн бодоход түүнд хүүгээ аваачаад ч болсон Дамбатай уулзуулахаас өөр арга үгүй мэт санагдана.
Үнэхээр тэгээд очдог юм гэхэд юугаа өмсөж яаж уулзах хэрхэн угтах нь одоо үл тааварлагдах авч юутай ч амар хялбар бардам сайхан зүйл биш нь мэдээж бөгөөд адгийн наад зах нь гэдсэн дэх хүүхдээ хэрхэн нуух билээ гэдэгтэй хүртэл тулгарах ажээ. Гэвч яагаад ч юм Дэжидэд энэ бүхнийг хэрхэн давах билээ хэмээн айх түгших юм огт үл бодогдоно. Сүүлийн үед айдас гэгч Дэжидээс холдсон мэт бөгөөд Дэжид Дамба хоёрын тухай жиг жуг яриа, тэр ч бүү хэл хөл хүндтэйгээсээ ч айх ичих нь үгүй болсон мэт ажээ. Хэрэв энэ бүхэн үнэхээр айх түгших зүйл биш бол орчлонд айх юм давшгүй хэцүү бэрх гэгч Дэжидэд үгүй болж үхэл гэгч ч аймшигтай биш санагдан, ер яагаад ингэдэг билээ хэмээн гайхан, энэ бүхэн цаг зуурын бодол бизээ гэж бодоход хүргэнэ. Дэжид ийнхүү хэвтсээр хэдий хэр болсноо ч мэдсэнгүй хонь ямаа майлалдах чимээнээр гүйн гарвал харанхуй болж бороо улам ширүүсч байлаа. Хонь нь уруудан майхнаас холдох янзтай харагдсан буцаж орон дээлэн дээгүүрээ цув давхарлаж өмсөөд шилбүүр барин хониныхоо урд гарч тогтоох гэсэн боловч ширүүн бороонд цохигдсон олон хонь хоёр талаар нь дайрч арай гэж нэг талы нь тогтооход нөгөө тал нь тэр хооронд уруудан түрүүчийн газраасаа цаашлачихаад ганц Дэжидэд огт хүчрэгдэхгүй алхам алхамаар майхнаасаа холдож эхлэхэд ганцаархнаа унтаад хоцорсон хүүгээ сэрчихээд айж уйлж байгаа болов уу гэж бодохоос майхан руугаа хурдхан очмоор санагдах авч эргэх дөрвөн цагт хойноос нь дагаж үс зүс, удам судраар нь таних, ижил дасал болсон нэгдэл нийгмийн энэ олон малыг зоргонд нь хаячих зүрх түүнд байсангүй. Дэмий л үе үе майхан руу харан харан холдсоор удалгүй майхан нь ч харагдахгүй болов. Одоо түүний сэтгэл шулуудан үхсэн ч сэхсэн ч хониноосоо салалгүй явж, хаа хүрч юу болохыг үзэх л үлджээ. Ер яах гэж наашаа гараваа? Эз нь татна гэгч болж дээ. Эсвэл би ерөөс энэ эзгүй говьд үхэх үйлтэй амьтан юм уу. Үхнэ гэдэг тохиолдлоос л хойш тэр тохиолдол нь энэ байхыг хэн байг гэх юм? Намайг ингээд үхчихлээ гэхэд хэнч мэдэхгүй шүү дээ, мэдлээ гээд яах юм, их л удаж Дамба ирж… Даанч дээ. Дамба минь би чамд ямар гэм хийгээв? Яалаа гэж намайг ийм зовлонд унагаж байгаа юм. Чамайг сэтгэлээ хувиргаагүй бол Жигжид мэт нь намайг оролдож зүрхлэнэ гэж үү… Энэ эзгүй говьд энэ усан бороон дунд үр хүүхдээ ганцааранг нь хаячихаад хаана, яаж үхэхээ мэдэхгүй явах гэж үү…. Муу жаал маань юу болж байгаа бол… Айж үнхэлцэг нь хагарчих гэж байгаа болов уу … Яах гэж наашаа гарав…
Бороо гэнэт ширүүн эхэлсэн шигээ мөн гэнэтхэн зогсов. Дэжид хониндоо туугдах шахуу явснаа бодвол хонио тогтоон, хаа ирснээ багцаалах санаатай ийш тийш хичнээн хараад газрын баримжаа мэдэж чадсангүй. Бороо зогсчихоор улам ч харанхуй болсон мэт санагдана. Одоо яах вэ. Хонио майхан руугаа туухуу? Хаа гэж туух вэ. Тэгээд ч энэ нүх шиг харанхуйд хонь явна гэж үү… Хонио орхичхоод майхан руугаа явах уу… Хаа гэж явах вэ? Энэ бороо дахиад орохыг хэн байг гэхэв. Аягүй бол хонь ч үгүй майхан ч үгүй юм болно. Хоньтойгоо хоноод л өглөө учраа хайя хэмээн бодож хонио шаагьтал нь хурааж хэвтүүлээд өөрөө хонин дундаа ороод суув. Олон малын илч даарах ч үгүй хажуудаа мал байгаа болохоор ханисан айх үгүй янзтай болж ирэхэд дотор нь ч одоо уужирч хэн хүнд гомдох, майханд хоцорсон хүүгийнхээ хойноос сэтгэл түгших нь гайгүй болов. Богинохон зуурын энэ ширүүн бороонд хонио тасдаад алдчихалгүй бүрэн бүтэн гарсандаа ч тэр үү, сандарч тэвдэх бүхэн ард хоцорсон болоод ч тэрүү, нэг их үйлс бүтээчихсэн мэт урам орж бороо дахиад орсон ч ер алзахгүй санагдана. Урьд өмнө хийх нь бүү хэл хийвэл би давах болов уу, үгүй болов уу ч гэж санаж яваагүйгээ хийхээр үл барам нэг их зүдрэлгүй, хамаг хүчээ шавхчихалгүй бүтээн, цаанаа бас бие сэтгэлийн тэнхээ хуримтлагдан хоцорч байгаагаа мэдрэн, одоо ер нь хүнтэй сууж хүүхдүүддээ хойт эцгийн царай харуулаад ч яах юм, нэгэнт л хэний ч царай харалгүй айл гэрээ аваад яваад байж чадахаас хойш. Харин тээж яваа хүүхдээ гаргах үеэр л хүн бүлгүй хэд хоног бажгадах болов уу. Түүнээс цааш ер юү л байв гэж. Эрүүл саруул л явбал болоо гэж бодон, иймэрхүү юм бодож байгаадаа өөрийгөө гайхах ч шиг, урьд өмнө нь бодогдож санагдаж байгаагүй энэ шинэ бодол нь түүнийг улам ухаан суулгаж байгаа ч юм шиг санагдуулна. Амьдрал яг хуучнаараа байсан бол хүний нөмөр нөөлгөнд хий гэснийг хийчихээд л өөрөө бие даан хийж чадах эсэхээ ч мэдэлгүй тэжээвэр хурга адил хүний гар харсаар насыг барах байсан байх даа. Гэтэл хэний ч дор орохгүй хэнийг ч царайчлахгүй амьдрах тэнхээ надад өөрт минь байжээ гэсэн омог бардам бодол бас төрнө. Зөвхөн маргааш юу хийх яахаа бус, отрын дараа юү хийх яахаа хүртэл тодорхой мэдэж байх шиг бодогдоно. Юуны өмнө хүүгээ эцэгтэй нь уулзуулчихаад сум нэгдлийн төв орж гурван хавтастай толь авна. Ямар дээл өмсч явдаг юм билээ гэж бодоход түүнд өөрийнх нь хуучин дээлний өнгө хийц гологдоод өөр аятайхан дээл хийж өмсөхсөн гэж бодсоор хэсэг зуур зүүрмэглээд сэрвэл үүр цайж байв. Дэжид босч газрын баримжааг харан майхнаасаа нэлээд холдсоноо мэдэж хонио босгон туусаар майхныхаа ойролцоо очиж хонио орхиод хүрч очвол хүү нь сэрээ ч үгүй тайван унтаж байлаа. Дэжид цайгаа чаначихаад хүүгээ дуудан шөнө юү болсон яасан ийснээ ярин хоёул цайгаа ууцгаав. Борооны дараах өглөөний чийг ханхалсан цэнгэг агаар, газар дэлхийн өнгө зассан байдалд сэтгэл нь сэргэн буцах эргэх тухай хүү нь дурсахгүй байсанд Дэжид иймэрхүү байвал ганц хоёр ч болсон хоног энэ хавьдаа байя хэмээн дотроо шийдэж байтал хүү нь «морьтой хүн айсуй» хэмээн хар гүйхээрээ орж ирж эхдээ хэлчихээд гүйн гарав. Дэжид ч хойноос нь гарч харвал гэрийнх нь байгаа зүгээс бараан морьтой хүн айсуй харагдлаа. Хүү тэр зүг нүд салгалгүй хэсэг харж байснаа «Аав байна, аав ирж явна» гэж хоолой зангируулан хашгираад тэрхүү морьтонг тосон гүйв. Нээрэн ч мөн юм шиг Дэжидэд санагдан хүний хань гэдэг үү… бороо шороонд зутарч яваа байх, хүг минь ч санаж сүйд болж байгаа байх даа гээд ирж байна шүү дээ. Хэр ч байгаа даа. Сэтгэл нь эргэчихсэн ч гэсэн элэг нь хайчихав гэж бодон баярлах ч шиг яах гэж наашаа гарсан юм гэж загнах болов уу гэж айх шиг, юунаас ч юм Жигжидийн явдлыг дуулчихсан болов уу ч гэж ичих шиг болон майхандаа буцаж орон ор дэрээ янзлан, дэвсгэрээ гүвж хоймроо дэвсээд буцаж гарвал айлынх нь Багаа өвгөн ирж явах бөгөөд хэн болохыг нь таниад урамгүйхэн зогсох хүүгээ өрөвдсөндөө хоосон горьдож урам хугарсандаа Дэжид золтой л уйлчихсангүй. Багаа өвгөн дөхөн ирж буун харайгаад :
–Үгүй та хоёр минь энэ бороо, шороонд тохитой юу. Яасан ч сүрхий ширүүн бороо вэ. Зарим улс ч хонь малаа тасдаад алдчихсан, эрж сураад л давхилдаж байх шиг байна.
–Бид хоёр ч урьд шөнө нойргүй л хонолоо. Гэгээ тусав уу үгүй юү наашаа гарч байгаа нь энэ. Хонь мал бүрэн үү? Сүрхий хоёр юмаа та хоёр. Хн. Одоо яах вэ, буцах уу, эсвэл бид хоёр хүрээд ирэх үү, бид ч тэнд байж чадашгүй хүү минь гэхчлэн үгийн солиогүй дээр дээрээс нь угсруулан ярихад хүү –ямар гоё вэ? Буцья, буцья” хэмээн баярлан дэвхрэв. Дэжид хүүгээ харж инээмсэглэснээ «Буцъя даа, буцъя» гэлээ.
Хадланчид ч гэсэн борооний маргааш гэр малаа эргэнэ гэцгээн тал тал тийшээ одоцгоосонд Дамба шууд давхиад харьчихдаг юм билүү, яадаг юм билээ хэмээн эргэлзэн байснаа юутай ч Тогоохүүтэй уулзаж учир явдлаа ярья гэж шийдэн хүрч ирсэн боловч Тогоохүүгийн баярласан сэтгэлийг хараад яаж ч чадсангүй. Өөрөө ч Тогоохүүтэй нүүр учрахаараа бодсон шийдсэнээ няцаахад хүрдгээ бас мэдэрчээ. Ер яах ч учраа олохгүй дэмий л дотроо шаналж байлаа. Түүнийг хадлангаас юү бодож ирсэн, юү хэлэх гээд хэл нь эвлэж өгөхгүй байгааг Тогоохүү огт үл анзаарах бөгөөд гагцхүү энэ хооронд юү юү болсон, юү бодсоноо ярих гэж яарна. Тэр хоёр унтатлаа ярьсан хэр нь Тогоохүү «Харанхуй болохоор би чамаас нэг юм асууна» гэснээрээ орондоо орсон хойно түүнийг хүүхэд мэт хүзүүдэн байж «Чи ямар хүүхэд гараасай гэж боддог вэ» хэмээн шивнээд Дамбыг учиргүй үнссэнээ «Чи яав? яагаад дуугүй байна вэ?» гэв.
Дамба юү хэлэх, яахаа ч мэдэхгүй таг дуугүй мэлрэх тэрхэн зуураа орчлон яасан хяслантай вэ хэмээн өөртөө шүүрс алдан шууд давхиад харьчихья гэсэндээ л явчихдаг байж гэж харамсан бодов. Үнэндээ гэхэд хадлан дээр өнгөрүүрлсэн тэр хэд хоног шиг сэтгэлий нь тарчлаасан өдөр хоногийг Дамба урьд өмнө үзсэнгүй. Тиймэрхүү юмтай учирна гэдгээ ч төсөөлсөнгүй. Түүнийг бодох төсөөлөх зав зайг Тогоохүүгийн хайр энхрийлэл өгөөгүй байжээ. Ирэх замдаа гэрээр нь орсон хадланчдын егөө, наргиан, битүү үгс, миний явдал та нарт ямар хамаатай юм гэх бодлыг Дамбад төрүүлсэнгүй. Харин ч зовох, шаналахынх нь үндэс болжээ. Ялангуяа Жигжидийн хэлсэн үг Хандын ярьсан хоёр түүнийг улам ч зовоов. Яагаад Жигжид Дэжидийг ингэтлээ муулах болов. Яагаад Ханд Дэжидтэйгэйгээ эргэж суу гэж ятгана вэ. Яахаараа түүний хувийн амьдрал, бригадын даргад хамаатай байна вэ гэсэн бодол шаналгаж, Жигжид мэтийн дэл сул амьтан Дэжидийн гоочлуулж яваагийн хамаг буруутан өөрөө гэдгийг ухаарч, Дэжидийг магтах Хандын үгийн үнэнийг мэдрэх тусам Дэжидтэй эргэж суухаас өөр замгүй санагдан хадлангаас шууд харьчихдаг ч юм уу гэж бодон байсан нь тэр байжээ. Гэтэл Тогоохүүгийн энэ асуулт түүнийг яаж ч боломгүй зовлонд өнөөдөр эс ч хэзээ нэг цагт унагах юм шиг санагджээ. «Чи дургүй байгаа юм уу? чи бид хоёр үр хүүхэдтэй болох дэмий гэж үү» гэсэн дараачийн асуулт түүнийг «Яалаа гэж. Үр хүүхэдтэй болох шиг сайхан юм хаа байх вэ» гэдэг үгийг арай чамай хэлүүлэв. Энэ үгэнд нь Тогоохүү цаанаа үр хүүхэдтэй болохоороо огт тоохгүй байна хэмээн гомдож учиргүй уйлсанд Дамба «Хүүхдээр яах юм энэ тэр гэж би хэлээгүй шүү дээ. Чи юундаа уйлж унжаад байгаа юм. Угийн үг яриа удаантайгий минь эс мэдэх биш» гэхэд Тогоохүү «Нээрэн ч тийм юм болов уу» хэмээн дорхноо тайтгарч «Чи хүү гараасай гэж боддог уу, охин гараасай гэж боддог уу» гэсэнд Дамба «Охин» гэв. Энэ нь Тогоохүүд хүүтэй болохоороо л тэр гэсэн бодол төрж «Чамд ч тийм нь тийм л байх. Би бол чамтай адилхан хүү гаргах юмсан л гэж боддог» гээд санаа алдсанд үгийнх нь өнгийг мэдэрсэн Дамба дахиад эвгүй үг хэлчихсэнээ булах санаатай «Би бол чамайг дуурайсан охин гараасай л гэж боддог юм. Дараа дараачих нь л хүү байна биз» гэсэнд Тогоохүүгийн сэтгэл сэргэн «Тийм олон гараасай гэж чи боддог уу?» «Тэгэлгүй яахав», «Нээрэн үү, нээрэн, нээрэн». «Цөөхүүлээ өссөн болоод ч тэр үү би өнөр өтгөн олуулаа явах сан гэж боддог» «Хэрвээ би хүүхэд олохгүй бол чи яах вэ?» «Яадаг юм, олохгүй бол олохгүй л байна биз», «Гэхдээ л мэдээж чи жаргаж чадахгүй шүү дээ» гэхчлэн үүр цайтал ярьцгаажээ. Маргааш нь тэр хоёр энэ тухай ярьсан ч үгүй. Энэ ярианаас болж сэтгэл эвдэрсэн ч байдал үгүй, хэн хэн нь сэтгэл өег, амгалан жаргалтай байцгаалаа. Дамба ч нөгөө хоёроо эргэх барих талаар үг цухуйлгасангүй. Тэгтэл нөгөөдөр нь тэднийхнийг чиглэн хоёр морьтон ирсэн нь Дэжид, Цэдэн–Иш хоёр байлаа. Хоймроо нөмгөн суун бороонд норж, сунасан чөдрийн хөх янзалж байсан Дамба тэр хоёрыг ирлээ гэх чимээнээр өөрөө хүрээд ирэх зориг зүрх Дэжидэд бий билүү, үгүй билүү, худлаа байлгүй гэж тээнэгэлзэн, гарч харснаа үнэхээр ирж яваагий нь хараад яаран орж ирж юм хумаа хумин «Яах гэж яваа бол? Юу гэх бол?» гэхээс айх ч шиг санагдан, Тогоохүү рүү харвал мөн яах ч учраа олж ядан зогсож байлаа. Ирж буй хүн хэн болохыг хэдийнээ мэдсэн Бумбаа «Чи бид хоёр ч иймэрхүү л ажил хийж явна даа» гэж ширэв татаад гэртээ оржээ. Тогоохүү Дэжидийг угтахаар гарч төдөлгүй гадаа мэнд ус мэдэлцэх дуулдсанаа баадантай юмбарьсан Дэжид, араас нь хүү нь орж ирэв. Дамба яах учраа олохгүй зогсож байтал Дэжид гэрийн зүүн тал руу гарч цомбойн суугаад:
–Бороо шороонд тохитой л байцгаана уу хэмээн санаанд оромгүй тайвнаар өгүүлсэнд Дамба сая суун:
–Тохитой, тохитой. Та нар тохитой юу хэмээснээ хүү рүүгээ гар сунган:
–Алив миний хүү наар ир гэв. Цэдэн Иш гэрэвшсэн янзтай Дэжид рүү наалдан суусаар байсанд Дэжид:
–Хүүе, аавдаа үнсүүлээч гэлээ. Хүү дурамжхан босч очиж үнсүүлсэн болоод буцаж ирж эхдээ наалдан суулаа. Энэ завсар Тогоохүү цай аягалж идээ будаа тавин, Дэжидийг битүүхэн ажиглаж байлаа. Дэжид аягатай цайгаа оочлох зуураа:
–Танай энэд чинь бага ороо юү дээ гэхэд Дамба:
–Энэ хавиар зах нь шүргэсэн юм шиг байна лээ. Би ч хадлан бордоо гэж яваад өчигдөр л ирлээ.
–Аман усанд хадаж байгаа гэл үү. Хэр юм?
–Унац муутай л юм, гээд яахав дээ.
–Бид хоёр бас хонио авч говь руу хэд хоног отор хийгээд өчигдөр л ирлээ. Энэ хүүхэд наашаа явах гээд санаад ч байгаа юм шиг болохоор нь өнөөдөр дагуулаад гараад ирж байгаа юм.
–Отор оо? Хоёулхнаа юу?
–Тэгэлгүй яахав. Өөр хэнтэй явах вэ дээ.
–Нөгөө хоёр хөгшин яасан?
–Үхэр малаа хараад үлдэхгүй юу гэснээ Дэжид хоол хийхээр борц гарган түмпэн сав угааж байгаа Тогоохүү рүү хандан:
–Бид хоёрт хоол хош хийх гэж байгаа бол хэрэггүй шүү. Бид хоёр бас гэдэргээ яарч яваа хоёроо гэхэд Тогоохүү сая зориглон ам нээж:
–Хийлгүй яахав. Яаж хоосон гардаг юм.
–Зүгээр зүгээр. Энэ хүүхдийг л эцгийнх нь барааг харуулчихъя. Та нартай би ч нэг уулзъя гэж яваа юм гээд түр азнахад Тогоохүүгийн ч, Дамбын ч дотор палхийн одоо юү гэх бол хэмээцгээн царайд нь түгшүүр илэрцгээсэн боловч Дэжид огт үл анзааран мөнөөх тайван хэрсүү хэвээр үгээ цааш залган:
–Нэгэнт бидний явдал ийм болсон хойно, бид нэг нэгнийдээ орж гарч, мэндтэй устай, тустай дэмтэй явцгаах нь дээр гэхэд сая сэтгэл уужирсан Дамба:
–Тэгэлгүй яахав, тэгэлгүй яахав. Маргааш нөгөөдрөөс та нарыг эргэе барья л гэж байтал харин хүрээд ирцгээлээ гэхэд Дэжид, Дамбын энэ үгийг сонсоогүй мэт өөрийн үгийг үргэлжлүүлэн:
–Айл гэр болж яваа улс та нарт юүхэн ч хэрэг болох л байлгүй, Хэрэгтэйгээ хэлээд аваарай. Анхнаасаа би өгнө ч гэж хэлсэн шүү дээ гээд барьж орж ирсэн баадантай юмаа задлан дотроос нь цутгамал хүрэл гөрөөс гарган:
–Дамбын өвөг эцгээс үе дамжин ирсэн эд юм гэнэ лээ. Энийг би танайд байх учиртай юм гэж зориуд авчирч өгч байгаа юм гээд хойморынх нь авдар дээр аваачиж тавиад баадангаа эвхэн өвөртлөөд:
–За явах уу, миний хүү гэсэнд хүү гагцхүү тэр үгийг хүлээж байсан мэт ухасхийн босов. Тогоохүү:
–Хүүе алив чихэр гээд авдарнаасаа ууттай чихэр гарган Цэдэн Ишид өгөн:
–Ирж байгаарай гээд инээмсэглэв.
Хүү Тогоохүүгийн өгсөн чихрийг хам хум өвөртлөөд гарахаар завдан буй эхийнхээ араас ум хумгүй яаран гарчээ. Дэжид хүүгийн хамт тэндээс мордон гэрийн зүг явахдаа хийе гэснээ хийчихлээ гэж баярласан ч үгүй. Сэтгэл санаа нь уйтгар гунигтай биш ч хэрнээ хов хоосон ч юм шиг санагдав. Хүү нь өврөө ухан нэгэн цаастай чихэр гарган харснаа буцааж хийн дахин өврөө уудлан өөр нэгэн чихэр гаргаж эх рүүгээ сарвайн:
–Ээж ийм чихэр идэх үү гэв. Дэжид
–Үгүй миний хүү өөрөө ид.
–Үгүй надад бий ээжээ.
–За сүүлд больё доо гэхэд Цэдэн Иш мөнөөх чихрээ задлан амандаа хийснээ,
–Эднийх манай гөрөөсийг тэр том толиныхоо өмнө тавих болов уу яах бол? –Мэдэхгүй л дээ хүү минь яах юм бол доо.
Leave a Reply
You must be logged in to post a comment.