Малын хөлийн тоос

Найман сар дундаа орж ногооны үзүүр үл мэдэгхэн модширч, хөх номин тэнгэр газраас улам холдсон мэт уужимхан нэлийж салхи сэрүүхэн үлээх болжээ. Байгаль ертөнцийн хишиг бүрдэж малчин ардын гэр хотлоор идээ цагаа дэлгэрсэн энэ сайхан улирлын нэгэн сайхан өглөө билээ.

Өмнө уулсын бэл улаан шаргал элсэн манхантай умар улсын бэл униарт ногоон дэнжтэй, Хангай голыг заагласан алдар цуут Борогчингийн хөндийн уужим дахь борхон гэрийн эзэгтэй гуч эргэм насны өндөр бор бүсгүй намхан зуухан дээрх тос дааварласан ширмэн тогооноос хуруу зузаан өрөм хаман авч шар модон тавагт байгаа алгын чинээн хоёр цагаан хурууд дээр ижилхэн хувааж тавив. Хоймрын орон дээр хурган дээлийн дороос нэг сайртай бор хөлөө, нөгөөдөх нь цээжин биеэ ил гарган унтаж байгаа балчир хоёр хүүдээ хувь ТАВЬЖ байгаа нь энэ. Гэрийн зүүн хаяанд хямдхан бүтээлгээр цэвэрхэн зассан эзэгтэйн ор, түүнээс доохно эцэг овгийн утаат эрэгнэг, баруун хаяанд нь эрээн авдар, түүнээс доохно эмээл хазаар, хувин сав тэргүүтэн байна.

Гэрийн эзэгтэй саалийн хувин авч гадагш гарахад өглөөний сааль хүлээсэн үнээ тугал мөөрөлдөн угтав. Зүүн нуурын галуу нугас нарнаар наргин ганганалдаж хөмүл танын тааламжит үнэрээр агаар салхи анхилж хүн бүл сайтай саахалт айлын их бага гэр, тэрэг тэмээ, хонь мал хүлээн авагчийн хүнгэнэх дуу энэ бүхэн өөрийн нь дорой буурайг сануулах мэт болно.

Ийнхүү бүсгүйн сэтгэл догдолсон нь сүүлийн хэдэн өдөр нэгэн учралыг хүлээснийх билээ. Найртай тансаг найман сарын эхэн үеэр баруунаас хүрэлцэн ирэх тууварчдын манлайд учралт хүн нь буух ёстой байлаа. Тэгээд өнгөрсөн хэдэн өдөр Борогчингийн хөндий урд уулын ар, хойт уулын энгэрийг туж харуулдсаар байв. Энэ удаа ч гэрээс гарангуут мөрөөдөлт зүгийн энгэр дэнжийг ажиглатал хэдэн суурь хонь, үхэр цайран багширч тууварчдын гэр майхны ундуй сундуй үзэгдэв. Энэ бүхнийг харангуут бүсгүйн хацар дээрх тарлан сэвх хүртэл туяаран шингэрч, уйтгарлаг, бодлогошронгуй нүд нь энэ өглөөний тэнгэр мэт мишилзэн цэлмэв. Тийн гүйхээрээ явж хэдэн үнээгээ хагас дутуу саагаад хүүхдийнхээ нүүр гарыг угааж, цэвэр хувцас өмсгөөд, гэр бараагаа янзалж идээ будаагаа зэхээд гарах орох тоолондоо тууварчдын буусан зүг ширтэн харан байтал үдийн алдад тэндээс наашилж яваа хөтөлгөө морьтой хүн үзэгдэв. Бүсгүй хоёр хүүгээ гадуур тогло гэж гаргаад гэрийнхээ хаяаг сөхөж ханын нүдээр зам ширтэж байв. Удсангүй ижилхэн хул морьтой, хурц ногоон өнгийн дээлээ сугалдаргалж цагаан цамцны ханцуйг шамласан хүн гарч ирэхэд Балбар мөн болохыг даруй таньж нэг мэдэхнээ угтаж гарсан байв. Балбар уяан дээр тайвуухан бууж хоёр загалаа уяад хойш урагшаа холыг харж хоолой засаад, ногоон саарьтай ээтэн гутлаараа нунтаг хөх шороон дээр хол хол мөр гаргасаар хүрч ирээд,

– За Чанцаал сайн зусаж байна уу? гэж намрын шим шүлт хурсан хүдэр хүрэн царайндаа төвшин инээмсэглэл тодруулж дөшин цагаан шүдээ яралзуулан урт аяны, нарыг шингээж, салхийг сөрсөн хүрэн ягаан цээжээ ханхалзуулан зогсов, Чанцал сэтгэлийг булаасан сайхан эрийн жавхлангийн өмнө бишүүрхэх баясах хослон байж бүсгүйн зангаар гирэвшингүй харж,

– Сайн, сайн явж байна уу? Тууврын мал үзэгдэхээр нь чамайг ирсэн байх гэж бодсон юм гэв. Хүлээсэн хүн нь хүрэлцэн ирсэн учралт өдрийн баяраар бие сэтгэл хөнгөрч хурдан шалмаг хоол унд хийж зочлонгуут авдраасаа галуун хүзүүт гаргаж шимийн архи аягалахад, Балбар хамрынхаа самсааг сарталзуулан урд завьжаараа савируулан залгилаад гарынхаа алгаар амаа арчиж тамшаалан,

– Энэ жил ажил явдал урагштай. Өвгөн нь аймгийн тууварчдын зөвлөлгөөнд оролцох яггүй үүрэг авсан. Сайшаалгана гэдэг ч санааных биш зүтгэлийнх юм шив дээ. Энэ жил хэдэн өеөдмөр маань овоо таргалж явна. Хотынхны ходоодыг өөхөөр таглаад муу хар түрийвчээ хөдөлмөрийнхөө хөлсөөр мялаагаад буцдаг хэрэг ээ. Зам өлзийтэй ажил урагштай байдаг нь аавын хүүгийн аз шоо мөн биз дээ. Таван жил мал туухдаа гажуу буруу явсангүй. Угтаж золгоод үдэж мордуулдаг чам шиг хүнтэй байхаар дотор уужим явах юм гэж шилбэлзэн суув. Хэдхэн тагш архи уусанд нүүр нь хөлс дааварлан нүд нь маналзаад ирлээ. Чанцалын өсөх насны өмсгөл болох хөх дурдан тэрлэг өндөр гоолиг биеийнх нь аясыг тодруулан, хилэн хар үснээс нь танил үнэр анхилах мэт санагдаж усгал хар нүдний нь харц эр хүний элдэв авирыг хүлцэн өнгөрүүлэх шинжтэйг шунамхайран харж суусан Балбар,

– Чанцал минь ээ! Өвгөн чинь малын хөлийн тоосонд ганцаараа явсаар насыг баралтай биш дээ. Ханьгүй хүнд харанхуй хорвоог гэгээтэй нартай болгох хүн тэр болгон яаж дайралдах аж даа. Тийм үү дээ Чанцаал? гэхэд Чанцал баахан тулгамдаж,

– Тийм ээ, тэр хүн чинь гэтэл
– Тэр хүн чинь чи шүү дээ гээд Балбар агдганан инээсээр босож ирээд Чанцалын гараас шүүрэн авч тэврэхийг завдсанд,
Яах нь вэ хүүхдүүд ирлээ гээд булт үсрэн, зайлав. Балбар тэсэж ядан инээсээр ор руу нь очиж толгойгоо салаавчлан хэвтэхэд ханхар цээж нь оволзон байлаа. Хоёр хүү ээжийн орон дээр сунайтал хэвтэж байгаа танихгүй ахаас эмээн хатавчны дэргэд бие биедээ наалдан зогсов. Балбар өндийж ар суганаасаа савхин түрийвчээ тэмтрэн аваад хоёр улаан аравт гаргаж,

– Чанцаал, саахалт чинь агент хэвээрээ биз? Миний хоёр хүү нааш ир энүүгээр чихэр авч ид! гэхэд амтат энэ үгэнд урхилагдсан хоёр хүү шүлсээ залгиж алгаа тоссоор хүрч ирээд тус тусын хувийг авангуут уралдан гарч одов. Балбар дахин нэг галуун хүзүүт шавхаад Чанцалын оройн саалинд гарсан хойгуур хувцас хунараа тайчиж ор дэвсгэрий нь тавтайяа эзэгнэжээ. Маргааш өглөө нь Чанцалын хийж өгсөн бантанг идэж бас нэг галуун хүзүүт тонилгоод мордохдоо,

– Чанцаал, маргааш манайд Дашинчилэнгийн хэдэн юм ирнэ. Газар газрынхантай гар барьж, ганзага нийлэх нь юу нь муу байх вэ. Чи бид хоёрын холбоотойг мэддэг л юм билээ. Ганц хүн айл болохгүй, ганц цучил гал болохгүй. Чи заавал очоорой гэжээ. Чанцал өглөөний саалийг сааж сүүгээ тушаагаад хоёр
хүүгээ ундалж гэрээсээ бүү холдоорой гэж сайтар захиад хэдэн зуны наранд онгосон торгон дээлээ өмсөж нэгдлийн адуунаас ногдсон хөгшин хүрнээ эмээллэн мордов.

– Тийн тууварчдын буусан зүг сажлуулан явахдаа шимийн архины исгэлэн үнэрээр амьсгаалсан гүжирмэг эрийн хажууд өнгөрүүлсэн энэ шөнийн явдлыг санаж түүний хэлсэн амласан нь үнэн болж, хүлээсэн мөрөөдсөн амьдрал нь биелбэл хаа ч явсан болно. Хоёр муу хүүгээ хүний зэрэгтэй өсгөж сургуульд оруулж бусдын цагаан гэр, хүлээн авагч, шинэ хувцас тэр бүхэнд атаархахааргүй төрсөн эс боловч эцэг гэх хүнтэй, уруу дорой царайлахгүй хийморьтой явахаар болговол хамаг хэрэг бүтэх нь тэр. Намайг бодвол ухаантай чадалтай эр хүн уужим сэтгэл, гаргаж, хөөрхий хоёр үрий минь зөв сайнаар хүмүүжүүлэх нь лав. Балбар бол хүүхдэд их элэгтэй хүн юм. Бага балчирхан амьтад юундаа дасаж ядах вэ дээ. Энэ насандаа хүний сайныг олж ханилах хувь тавилантай явсан минь сая гүйцэлдэх нь энэ биш үү гэх зэргээр олныг бодож явлаа.

Тууврын хонь мал, суурь сууриараа багшран бэлчээрлэж, уулын энгэр, дэнж дээрх тууварчдын гэр майхан энд тэнд үзэгдэнэ. Голдуу майхан байх бөгөөд гэр гэвэл хоёр гурвын зэрэг барьжээ. Тууварчдын зүүн жигүүрт байгаа хундан цагаан гар бол Балбарынх мөн. Түүний дэргэд нөхөөст хар майхан, бодвол нөгөө Дашинчилэнгийнхний эмээлтэй морьд байв. Чанцал гэрээс зайдуухан бууж морио тушаад баахан зүрхшсээр гэрт оров. Нутгийн гурван харчуул ирсний нэг нь эрүү Дамба хочтой хижээл хүн. Түүний эрүү хангинуур сүхний цохилуур шиг дөрвөлжин, нүүр агуу мөртөө нүд нь жартгар, нутаг усандаа хүндгүй этгээд билээ. Хоёр дахь нь нэгдлийн туслах нягтлан бодогч залуу, хүүхэн шинжийн цэвэр царайтай бөгөөд нэртэй хэрүүлч заргач хүн. Гурав дахь нь улсын заан цолтой хөх толгой хэмээх Гончиг, Балбараас дутуугүй сайхан эр бөгөөд мулгуу цөлх хүн. Балбартай хамт яваа тууварчин бололтой нэг өвгөн байв. Түүний хувцас ядуу, царай зүс аяншиж гундсан байдалтай ажээ.

Чанцалын орж ирэхэд Балбар хэдүүл дөрвөн ханатын хоймрыг бүрхсэн хивс дээр ясан даалуу тачигнуулж суулаа.
Балбар, Чанцалын өөдөөс наалинхай нүдээр мишилзэн :
– Ээ ашгүй хүрээд ирэв үү. Бид эднүүст нутгийн чинь хүүхнээр хонины гэдэс арчуулна гэж суулаа шүү дээ. Малын тоосонд дарагдаж яваа мань мэтэд иймэрхүү өдөр олон тохиолдох биш.
– 3а , Сугар гуай хонио төхөөрхүүдээ гэхэд ядрангуй царайтай өвгөн гадагш гарч мөчийн дотор амжуулав. Чанцал хонины гэдэс янзалж хажуугийн майханд тогоо дүүрэн мах чанаж авчирсанд мань хэд ханцуй шамлан уулзав. Эрүү Дамба хаяанаас нэг лонх хар архи авч ханцуйгаараа жийрэглэн нэг цохисонд бөглөө нь бүлт үсрэн эхний хундага Балбарт зориулагдав. Цохиулах ээлжээ хүлээж байгаа лонх гэрийн хаяанд жирийн хэвтэх ажээ.

Хар архинд хатгуулсан даалуучингуудын үг олширч өгөө авааны тухай маргалдаж эхлэхэд Чанцал сэм гарч, өвгөний майханд оров. Өвгөн ч бас архинаас хувь хүртсэн тул онгод нь бяцхан орж утаа тортог болсон нөхөөст хар майхныхаа голд давшлан,

– Хүүхээ наашаа суу. Би чамд санаснаа хэлье. Бэлтэй чадалтай нь цагаан гэртэй, чадалгүй дорой нь хар майхантай явдаг чинь ёс шүү дээ, Энүүнд гомдох юм алга. Малын тоосонд дарагдлаа гэнэ. Чухам хэн нь дарагдаж яваа бол доо. Би бол улаан цурав үр хүүхдээ тэжээх гэж хэдэн жил мал туулаа. Хаа ч гэсэн хөдөлмөр хийхгүйгээр амьдрах биш, сурсан дадсанаа хийж аминдаа ч гэсэн, улсдаа ч гэсэн зүтгэж явахаас өөр яах вэ, Мал тууна гэдэг чинь амар ч ажил биш. Хавар эрт гараад л өвлийн эхээр гэрийн бараа харна. Ард үлдсэн хэдийнхээ төлөө санаа зовно. Өлсөх даарах өдөр ч тохиолдоно. Гэлээ ч гэсэн амьдрахын төлөө ариун цагаан хөдөлмөр хийж яваагаас хойш юундаа тэгтэл ажрах вэ. Yнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцэнэ гэдэг. Балбарт би жаахан гомдох болсон доо. Танил талтай эр чадалтайдаа эрдэж хуурамч хуудуу явдалтай болж байгаа хүн. Хүн сайн явах тусмаа үнэнч болох ёстой сон. Хуурмагаар олдсон алдар нэр ,алт мөнгө шунал түрүүлдэг нь ёс. Хүүхээ Балбарыг чи яадаг болсон гэж санана. Өөрийн л ажил бүтэж байвал бусдынх яаж ч байсан хамаагүй. Ноднин адилхан л мал тууж гарсан.
Намар хамгийн түрүүнд л тушаалаа. Тэгсэн чинь хамгийн туранхай мал тууж гараад хамгийн их таргалуулсан хүн Балбар боллоо. Өвгөн ах чинь атаа жөтөө санаж амьтны мууг үзэж яваагүй. Хээл хахууль, авч улсын санг ч хохироодог, мань мэтийг хохироодог явдал байна. Балбар идэшний ганц хоёр юм илүүчилж аваачаад л тэндхийн дарга даамалтай сүлбэлдэн дархан эрх эдэлж худал хуурмаг баримт, шагнал мөнгө аваад тэргүүний сайн хүн болж явдаг нь тэр. Сүүлдээ бүр улсын малыг хольж хаяагаа хадардаг болж явна. Юу гэсэн үг байх вэ дээ. Ноднин зах дээр тав зургаан шар зарсан. Энэ жил арав хорь хүргэх бололтой.
Төрийн төлөө оготно гэж бодвол ч эс мэдсэн болоод л явмаар байна. Чи жаахан бодолтой байх юм бишүү гэхээр чамд падгүй гэж уурлах юм. Би бол эцгээс нь өөрцгүй хүн шүү дээ. Хүүхээ чи чинь Балбарын танил юм биз дээ. Өнгөрсөн намар хотоос нэг хүүхэн аваачсан их л эрх танхи амьтан байдаг. Өвгөний энэ яриаг дуугүй чагнаж суусан Чанцал босон харайж
– Юу гэнээ. Балбар эхнэртэй юм уу? гэж гайхаш тасран асуугаад өвгөний хариу хэлэхээс өмнө гүин гарав. Даалуучингуудын нэг нь «Гозгор долоо гоохолзоно, говийн хүүхэн шоохолзоно» гэж өндөр дуугаар дуудахад Балбар «Хун галуу нагал навч хурын үүл хурмастын хишиг, ясны хайртай Янжин, янагийн хайртай Чанцал татлаа татуулах уу» гэж адтай хашгирав. Нөгөө нэг нь «Нутагт байдаг Янжин, замд байдаг Чанцал» гээч хэмээн согтуурахад цөмөөрөө ха-ха-хо-хо гэж бүдүүн нарийн дуу гар хөхрөлдөн, Чанцал бөөн хар юманд бөглөрөн давчидсан цээжээ дарж шүүрс алдаад гэрээс холдон явав.

Нар шингэж цагаан гэгээ туссан үе байлаа.

С.Эрдэнэ

Be the first to comment

Leave a Reply