Орших, эс оршихын учир 

Галзуу бух мэт хучирхэг том түрэгч гэнэт ухасхийв. Ган төмөр хошуу нь босоо шургааган хашааг хайр найргүй хуга нуга дарлаа.
– Болиоч! Болиод өгөөч! … Энэ чинь миний газар!… хэмээн хяруу унасан мэт буурал толгойтой өвгөн хүн тракторын өмнө хоёр гараа сарвалзуулан гүйж хурэв.

– Болж байна! Зүйтэй!… Бүгдийг нь нураа! Хашааны нь модыг түрж овоол! Тэгээд ногооны нь газрыг сайхан цэвэрлээд хусаад өг!
Шүүх төлөөлж ирсэн өндөр нуруутай шаримгар шар залуу хавтсаа доёгонуулан жолоочид тал өгч хашгирлаа.
– Цагдаа хүү минь хэлээд өгөөч! Шүүхийн шийдвэр буруу! Энэ газар манайх. Бүр гамингийн жилээс эхлээд суурьшсан … Хүүхдүүд минь энэ л газар шороон дээр төрж, өсч, хөгшин эцэг минь чухам энэ хашаанаас л энгэр газарт гарсан …
Өвгөний үрчгэр хацар дээгүүр нулимс сул асгарч байсан ч, хорооны цагдаа залуу ер тоосонгуй. Тэрвээр залуу хүний хувьд энэхүү хүч түрэмгийлсэн нураалт, хүмуусийн шуугианд зүрх хөөрсөн янзтай,

– Сайдын газар гэж шүүх мэдэгдэл өгөөд байхад зүгээр л нүүчихгүй юугаа хийсэн юм бэ? Хохь нь ээ, хохь нь !… Би хичнээн хэлж шаардсан билээ! гээд тамхиа асаав.

Намрын өдөр тоос босчээ. Хотын хаяанд, уг нь зэлүүд байгаад ойрноос айлууд нүүн ирж хашаа хороо хатгасаар бүхэл бүтэн гэр хороолол болсон тэр газарт, хамгийн захын тавиухан зайтай энгэр дээр байх Орших өвгөний хашаа чингэж гайнд өртжээ. Ер сүүлийн үед хот орчмын аль л тэгш аятайхан газрыг сайд дарга нар, хөрөнгө мөнгөтэй хүмүүс эзлэн авсаар л байгаа булгээ. Хичнээн ч айл чингэж голомтоо самрууллаа даа, Өсч төрсөн газар шороог нь булааж, хотыг нь харлуулан, эздийг нь траншейн нух рүү хоосруулан хөөсөн их дажинд хотын газар мэддэг ихэс дээдэс туйлын зүтгэлтэй оролцож, халаас нь түнтийсээр л …

Оршихын хашааны хажуугаар уулын түргэн урсгалт гол цэнхэр инээмсэглэлээр намжир хаялан урсана. Нар тоссон цаад эрэг рүү нэгэн том саглагар улиас модон мөчрөө бөхийлгөн ургажээ. Хаанах нутгийн хэний ч үр эл голын эрэг дээр ирж буун хашаа барин амьдарсан сан билээ дээ. Алихан газрын модны үр хорвоогийн салхинд туугдан хийссээр чухам хэзээ энд унан цэцэглэсэн ч юм билээ дээ? Тэргүүн нь бууралтсан евгөн Орших, орой нь он цагийн эрхээр онгож гандан хатсан хөгшин улиас хоёр бие биеийг түшин эсэргэн жилүүдтэй хамт элж хуучирч дээ хөөрхийс …

Олон салаа ганц улиасыг удган мод гэж нэрлэжээ. Түүний элж мойнийсон сарвайсан мөчрүүдэд хадаг яндар зуужээ. Сайн ажваас, ханцуйтай гар шиг бүдүүн мөчрүүдийн уг дээр тавтын, аравтын дэвсгэрт, чихэр жимс тэргүүтнийг тавьсан үзэгдэнэ. Захын ганц модыг эгэл бус хэмээн шүтдэг монгол ёс бий дээ…
Өчигдөр орой шүүхийн шар, хороо цагдаа, дүүргийн албаны Молор хэмээх хүүхэн гурвуул ирээд Оршихыг зэмлэн баахан сүрдүүлж маргааш хүчээр газрыг чөлөөлнө хэмээцгээгээд явахдаа мөнөөхөн хөгшин улиасыг харцгаажээ.

– Сайдын газарт орсон мод байна. Даруй хөрөөдөж унагавал зохино хэмээн Молор хатагтайг хэлэхэд шүүхийн шар
– Сайхан түлээ болно доо. Оройноосоо хувхайрсан эд байна. Сайдыг нүүж ирэхэд унагаад хөрөөдчихсөн байя! гэжээ.

Хүмүүсийг явсны хойно Орших хадаг барин удган модонд ирэв. Хадгаа мөчирт нь өргөөд цагийг элээсэн хоёр буурал уулзсан шиг Орших хамаг л зовлонгоо эр хүний ховор нулимсаа унаган байж ярилаа.
– Удган мод минь сонс!… Яаж ч бодлоо гэсэн тэр хүмүүсийн хэлснийг зөв хэмээн дагаж чадахгүй нь ээ! Бүхнийг чи мэднэ дээ. Манайхыг анх хашаа хатгахад чи арван тавтай охин шиг турьхан жаахан байсан. Тэр цагаас хойш нэг голын наад цаад эрэгт бие биеийг түшин хичнээн ч жил болов? Хорвоогийн амьдралд юу зс тохиолдов?
– Тийм ээ Орших минь … Чи ч гэсэн дөнгөж л гурван ойндоо хүрсэн жаахан амьтан ээжийнхээ хормойноос зүүгдсээр л энд ирсэн… Танайх гаминд байдгаа талуулаад Шожооны гудамжнаас амь зулбан нүүж ирээ биз дээ? Цэлгэр уужим хашаа барьж аав ээж чинь ажилсаг хүмүүс байсан болохоор ногоо тарьж, дорхноо л хэдэн малтай болсон … Энх Амгалан гацаанаас нүд алдам сайхан бүсгүйг эхнэрээ болгон авчирсныг чинь санаж байна.

– Удган мод минь чи хорвоогийн салхиар л хийсч ирээд энд унаж ургасан … Тэгвэл хувь тавилангийн салхинд туугдан би энэ газар, энэ хашаанд ирж өсч хүн болсон … Энэ газар шороо, уулын гол, удган мод чи надтай хүйн холбоотой шүү дээ… Миний лаа хамаг зовлон жаргал чамтай лаа холбоотой … Гучин долоон оныг санаж байна уу?
– Саналгүй яахав … Модон хэгээстэй дугуйтай хар өнгийн чийчаан тэрэг үдшийн бүрийгээр миний хажуугаар гол гатлаад үүдэн дээр чинь зогссон … Удсангүй аавын чинь туун машинд суулгасан … Яалаа гэж тэр вэ?
– Гамингаас зугтаж энэ газар шороонд ирсэн аавыг минь олноо өргөгдсөний есөн онд Бароны цэрэгт хүчээр дайчилсан юм билээ. Аав тэндээс зугтсан … Оргосон аавыгаа бид чиний дор их нүх ухаж, олон хоног нуусан… Чи санах л ёстой доо. Бүр сүүлд гучин хэдэн онд аавыг Бароны цэрэгт явж байсан гээд нэг нь матжээ. Аав минь шоронд яс арван жил суусан даа…
– Дэнжийн цэнхэр тогоруу шиг анхныхаа хүүг дагуулаад голын эргээр чи ханьтайгаа хөгжилдөн явдагсан … Аз жаргалтай л байсан даа. Миний саглагар мөчрийн дор хүүхдээ унтуулж хоёул эрхлэн үнсэлцдэг сэн … Голд умбан бие биеэ усаар шүршин баясдаг сан…
– Тийм ээ! Энэ дулаахан энгэр, сайхан улиас модон чи, цэнхэрлэн урсах гол минийх байсан … Өглөө ургах наран, үдшийн гялаан одод, зундаа хөл нүцгэн гүйхэд хуруун завсар хавчуулагдах яргуй цөм минийх байсан … Хөхөө шувуу надад зориулан донгодож, эрээн эрвээхэй намайг л дуудан нисдэг сэн … Хайр дурлал, үр хүүхэд, залуу насны амьдрал бүхнээ би энэ л газар шорооноос олсон… Энэ миний газар шороо!… Гэтэл газрыг минь дээрэмдэж байна. Одоо би чинь яадаг билээ? Газар шороогоо алдсанаас үхсэн минь дээрээ! …
– Орших чи яам тамгын газар хэлсэн юм уу? Хууль ном гэж баймаар сан даа?
– Хэлэлгүй яахав. Аль эртнээс дүүргийн газрын алба гээч нь минийх мөн гэсэн пиу бичгээ өгсөн шүү дээ. Гэтэл хаанахын ч юм бэ сайдад миний лаа газар таалагдсан хэрэг… Тэр сайд их мөнгөтэй хүн бололтой. Баруун солгойгүй мөнгө хаясан хүн л юуг ч авч болдог цаг санжээ…
Захын ганц модтой ярьсан уу, эсхүл сэтгэлдээ уйлан өөрөө өөртэйгээ хөөрөлдсөн үү, Орших орой болтол тэнд суужээ.
Өнөөдөр гэвэл хашаа хороог нь түрэгчээр бүхнийг хаман нурааж байна. Ийм гай зовлонг зүрх сэтгэл дийлэх юм гэж үү? Хууль номын бус, шууд дээрэм гэж болохоор эл явдлыг тоож хэлэлцэх хүн үгүй бололтой. Одоо би яавал зохилтой вэ? Газаргүй яаж амьдрах билээ?
Орших тракторын хөлөөр боссон тоос шороо толгой, мөрийг нь дарж бууралтахыг ч эс тоон, эд-юмсыг нь бусниулах вий хэмээн мөрөөсеө авч зайлуулсаар явлаа. Төр төлөөлсөн гурван хүн евгөнийг шоолцгооно. Yгүй ер хүн гэдэг амьтан мөн ч шунахай нь дэндүү еэ, энүүхэн алга дарам газрын төлөө үхэх гэж байгаа Орших өвгөнийг хараач! Өнөө маргаашгүй өөрөө шороонд булуулах гэж байж энүүхэн газрыг харамлаж яана даа!
– Төр нь газраа мэддэг юм гэдгийг Орших мэдэж аваг! Трактор хэдхэн ухасхийгээд л өвгөн Оршихын хуучин шургааган хашаа, үхрийн саравч тэр даруй овоолсон зомгол, хуурай түлээн овоо болов.
– Одоо байшинг нураа! Дараа нь ногооны газрыг түрж хус! Маргааш гэхэд сайдын шинэ сууцны барилгынхан ажлаа эхлэх ёстой шүү! Түргэл хэмээн мөнөөхөн шүүхийн шаримгар шар хашгирч байлаа.
– Ай даа мөн сайхан нурааж байна шүү! гэж залуу цагдаа трактор даган гүйв.
Удсангүй сонгинын толгой цайвартсан төмсний цагаан цэцэгтэй бяцхан ногооны талбайн захаас трактор хусч гарлаа.
– Таминь ээ, болиоч! Хэдэн хүүхэд, ач нартаа би юугаа идүүлэх билээ? Ядаж төл байцаагаа хураахыг минь хүлээж үзээч! хэмээн хөл майга, хүүхэд шиг намхан хөгшин тракторын өмнө сөхрөн уналаа. Тэрбээр үсээ үгтээн уйлах ажээ.
– Хуцдаг муу чавганц вэ! Одоохон эндээс зайл! Ажилд бүү садаа бол! Ногоондоо тийм хайртай байсан юм бол эртхэн шиг зулгаах чинь яагаав? Юугаа хийж байсан хэрэг вэ аан! гэж шүүхийн шар ширүүлжээ.
Цээжинд халуун зүрх биш зэвтэй төмөр хадсан аятай, хүмүүний гаслан зовлон, нус нулимсанд дөжирч гүйцсэн хүйтэн цэвдэг сэтгэлт шүүхийн шар,
– Бушуул! бушуу хус! хэмээн жолоочийг шавдуулав. Эмгэн тракторын өмнө сөхөрч унасан байхад түрэгчийн ган хушуу болгоомжтойгоор түүнийг шороо ногоотой хамт холдуулжээ… Өвгөн, эмгэн хоёр хаваржингаа газар элдэншүүлэн тарьсан бөгөөд зунжингаа услан тордоод сайхан ургуулсан том том төмс, лууван, манжин, хүний толгойн хэртэй байцаанууд тракторын гинжинд няц даруулан шороотой хамт бяцарч түрэгдлээ. Бух галзуурсан шиг шүүхийн шарын догшин тушаалаар түрэгч трактор хүмүүний гараар бүтээсэн бүхнийг нураан сүйтгэсээр л байлаа.
Оройхон хэрд өвгөн Оршихын аль хэдийнээ банзаар барьж шавардан шохойдсон өвлийн байшингийн ханыг трактор цөмлөн орж ирлээ. Тэрхүү ханын дагуу тавьсан арслантай авдар дээрх Цагаан дарь эх бурхан түрэгчийн ган хушуунд мөргүүлэн шалан дээр чимээтэй гэгч унахдаа толгой нь салан ойчлоо.
Төрийн түшмэлүүд ялав. Өвгөн Оршихын хашаа, хамаг новш ноохой сайдад зориулсан газар дээрээс арчигджээ. Маргааш өглөө нь сууц барих барилгачдыг ажилд нь оруулах, сайд өөрөө морилно гэсэн тул мөнөөхөн хувхай оройтой удган модыг унагаж хөрөөдөн зэхээд хүлээлгэн өгөх санаатай шүүхийн шар, хороо цагдаа: газрын албаны Молор авхай нар ирцгээлээ. Ялалтаа тэмдэглэн урд шөнөжин сайдад дайлуулсан тул махчин шиг хоёр нүд нь улайсан гурван амьтан, том машины эрэг боолт шиг дуулгавартайхан машинаас буухуй голын эрэг дээр байж болзошгүй зүйл үзээд үс нь өрвийн босох шиг болов. Юун гэвэл, мөнөөхөн хүглэгэр хөгшин модны ханцуй шиг том мөчрөөс нэгэн амь дүүжлэгдэн савчиж байлаа. Энэ газраасаа удган модноосоо хэзээ ч салахгүй гэсэн шиг хүзүүгээрээ оосорлоостой савчих Орших энэхэн буурал хорвоод хүчээр түүнийг эс оршихын заяа руу түлхсэн хүмүүст гомдлоо хэлэх гэсэн мэт хэлээ унжуулжээ … Хүүхэд балчир наснаас өтгөс буурал болтол нь даасан ариун дагшин газар эх намрын сэрүүн салхи сэнгэнүүлэн санаа алдах шиг боллоо. Орших, эс оршихын учир энэ бүлгээ.

Д.Гармаа

Be the first to comment

Leave a Reply