Олон жил дамнан яригдсан “Lubber Run Community Center” барилгын төслийн ажил ирэх 9 сарын эхээр эхлэхээр болжээ.
300 N. Park Drive хаягт байрлах тус олон нийтийн төвийн цогцолборыг шинэчлэхтэй холбогдуулж хотын захиргаанаас өнгөрсөн сард тус төвийг бүр мөсөн хаагаад байсан бөгөөд энэ сараас эхлэн барилгын талбайг хашаах ажил хийгдэж байгаа билээ.
Нийт 48 сая долларын төсөвт өртөг бүхий шинэ барилгын ажил энэ 9 сард эхэлж 2020 онд бүрэн ашиглалтад орохоор төлөвлөж байна. Тус төвийн одоогийн хуучин барилга 1956 онд баригдсан бөгөөд тус барилгын суурин дээр 45,000-55,000 хавтгай дөрвөлжин фит талбай бүхий 2 давхар шинэ барилга барихаар төлөвлөж байна.
Бүтээн байгуулалтын ажлын улмаас тус төвд үйл ажиллагаа явуулж байсан байгууллага, ажилтан ажилчдыг бусад төвүүдэд нүүлгэж шилжүүлээд байгаа юм. Тухайлбал “Lubber Run Creative Preschool”-ийг “Langston-Brown Community Center”-т, харин “Kids-in-Action” сургуулийн дараах хөтөлбөрийг “Barrett” бага сургуулийн Elementary Extended хөтөлбөрт тус тус шилжүүлээд байна.
Энэ төслийг анх 2015-2024 онд хотын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөөр 28 сая долларын төсөвт өртөгтэй баталж байсан ч, хожим шинэ төслөөр баригдах төвийн ногоон байгууламжийг өргөтгөх, автомашины зогсоолыг нэмэх шаардлагын улмаас 2016-2026 оны хотыг хөгжүүлэх капитал хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд 47,6 сая долларын төсөвтэйгаар шинэчилж баталсан байна.
Бүтээн байгуулалтын ажлын зураг төсөл, барилгын ажлыг VMDO болон MCN Build компаниуд гүйцэтгэх юм.
Leave a Reply
You must be logged in to post a comment.