Интерполын Ерөнхийлөгч сураггүй болжээ.

Олон улсын эрэн сурвалжлах байгууллага Интерполын Ерөнхийлөгч Мэнг Хонгвэй (Meng Hongwei) сураггүй болсон нь дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байна.

Францад төвтэй тус байгууллагын Ерөнхийлөгч 09 сарын 29-нд Францаас Хятад руу аялахаар яваад өнөөг хүртэл сураггүй болсноор эрэн хайх ажил эхлүүлээд байгаа ажээ.  Одоогоор Мэнг Хонгвэй хаана байж болох сэжиг таамаг гараагүй байгаа юм. Харин Хятадын “South China Morning Post” сонинд түүнийг Хятадад буусан даруйд Хятадын эрх баригчид баривчилж саатуулсан тухай мэдээлсэн ч энэ мэдээлэл албаны түвшинд батлагдаагүй байгаа юм.

Францын Лион (Lyon, France) хотын эрх баригчид Мэнг Хонгвэй сураггүй болсон тухай түүний ар гарт (эхнэр) албан ёсоор мэдэгдээд байгаа гэнэ. Харин энэ талаар Интерпол байгууллага ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй ч хэвлэлд гарч мэдээллийг анхааралтай ажиглаж байгаа тухай, энэ хэрэг явдал Франц, Хятадын эрх бүхий байгууллагын хүрээнд шийдэгдэх асуудал гэдгийг хэвлэлд мэдэгджээ. Мөн Францын Засгийн Газраас албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа юм.

Мэнг Хонгвэй нь 2016 онд Интерполын Ерөнхийлөгчөөр сонгогдсон бөгөөд түүний бүрэн эрхийн хугацаа 2020 онд дуусгавар болох ажээ. Тэрээр тус байгууллагын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллахаас өмнө Хятадын цагдаа, хүчний байгууллагуудад дээгүүр алба хашиж байсан бөгөөд Интерполын Хятад дахь салбарыг тэргүүлдэг байжээ. Мөн Хятадын терроризмтой тэмцэх албыг удирддаг байв. Түүний нэр Хятадын нөлөө бүхий албан тушаалтнуудын жагсаалтад хэвээр байгаа ч Хятадын Коммунист Намын гишүүнчлэлээс түүний нэрийг хассан байгааг зарим хэвлэлүүдэд онцолж байна.

Мэнг Хонгвэй Интерполын Ерөнхийлөгчөөр сонгогдсон анхны Хятад хүн бөгөөд түүний шинэ алба дотоод гадаадад ихээхэн шуугиан тарьсан сэдэв болж байжээ. Тухайлбал “China Daily” сонинд Хятад хүн Интерполын тэргүүнээр сонгогдсон нь тус улсын авилгын хэрэгтэй тэмцэх тэмцэлд, тухайлбал “Хятадын ноцтой-100 гэмт хэрэгтэн”-г илрүүлж баривчлахад ихээхэн хүчтэй дэмжлэг болох тухай дурьдаж байжээ. Нөгөө талаар олон улсын хүний байгууллагууд тухайлбал “Эмнести Интернэшнэл” байгууллага Мэнг олон улсын түвшинд дэвшиж ажиллах нь Хятад улс үндэсний цөөнх, улс төрийн эсрэг үзэлтэй иргэдээ дайчлан баривчлахад Интерполыг ашиглаж болзошгүй тухай сэрэмжлүүлж байсан юм.

Интерполд дэлхийн 192 орон гишүүнээр элссэн бөгөөд гишүүн орнуудын цагдаагийн байгууллагууд мэдээлэл, туршлага солилцох, хамтран ажиллах боломжийг олгодог олон улсын байгууллага юм.

Be the first to comment

Leave a Reply