Ерөнхийлөгч Доналд Трамп “Обамагийн” эрүүл мэндийн хуулийн тухай тогтоолд гарын үсэг зурав

Өчигдөр АНУ-н Ерөнхийлөгч Доналт Трамп тангараг өргөсөн даруйд гарын үсэг зурсан зарлигуудын нэгд Обамагийн гэх тодотголтой эрүүл мэндийн даатгалын цогц хуулийн тухай тогтоол багтаж байлаа.
Трамп сонгуулийн сурталчилгааны үеэс энэ хуулийг эсэргүүцэж, сонгуульд ялсан нөхцөлд хамгийн түрүүнд энэ хуулийг хүчингүй болгоно гэж зарлаад байсан билээ.
Түүний өчигдөр гарын үсэг зурсан тогтоолын нарийн мэдээлэл хараахан олон нийтэд тодорхой болоогүй ч дараах мэдээллийг баттай эх сурвалжууд өгч байгаа юм.
1 хуудас бүхий энэ тогтоол тус хуулийг хүчингүй болгохгүй ч юуны өмнө холбооны яам тамгийн газруудад тус хуулийн зарим заалтыг хэрэгжүүлэхгүй байх, чөлөөлөх, хойшлуулах эрхийг өгч байгаа ажээ.Нэн ялангуяа тус хуулийн цөм заалт болох иргэн хүн заавал эрүүл мэндийн даатгал авах, даатгал аваагүй нөхцөлд торгууль ногдуулах заалтыг хэрэгжүүлэхгүй байх удирдамж өгч байгаа бололтой. Мөн холбооны эрх бүхий байгууллагууд энэ хуулийг дагаж мөрдөхтэй холбоотой шинэ дүрэм журам баталж мөрдүүлэхгүй байх чиглэл өгч байгаа юм.
Энэ тогтоолтой холбоотой нийтлэг асуултуудад:

Асуулт: Энэ тогтоол батлагдсанаар иргэд эрүүл мэндийн даатгалгүй болох уу?
Хариулт: Тус тогтоол нь эрүүл мэндийн даатгалын хуульд шууд чиглээгүй юм. Гэвч энэ тогтоол хувь хүн эрүүл мэндийн даатгалд заавал хамрагдахгүй байх эрх зүйн боломжийг нээж өгч магадгүй байна.

Асуулт: Энэ тогтоолын үр нөлөө хэр хурдан нөлөөлж эхлэх бол?
Хариулт: Энэ тогтоол 2017 оны эрүүл мэндийн даатгалд тэр бүр нөлөө үзүүлж чадахгүй юм. Учир нь даатгалын компаниуд хэдийн засгийн газартай 2017 оны гэрээгээ байгуулж, даатгалын үйл ажиллагаа хэдийн эхлээд байгаатай холбоотой.Тиймээс Эрүүл мэнд, халамжийн болон сангийн яамд ерөнхийлөгчийн шинэ тогтоолтой уялдуулсан бодлого журам баталж мөрдүүлэх шаардлагатай болж байна.
Харин ерөнхийлөгчийн шинэ засаг захиргаа эрүүл мэндийн даатгалын шинэ хуулийн төслийг боловсруулж батлуулахаар өргөн барих нь тодорхой боловч энэ нь нэг өдрийн дотор болох үйл явц биш нь ойлгомжтой. Үүнийг хийж гүйцэтгэхийн тулд хууль санаачлах, хэлэлцүүлэх батлуулах тогтсон дэг маягийг дагаж мөрдөх бөгөөд энэ нь хугацаа шаардсан ажил юм.

Асуулт: Конгресийн зүгээс эрүүл мэндийн даатгалын хуулийн талаар ямар алхам хийх бол?

Хариулт: Нэгэнт Конгрес, Цагаан ордонд Бүгд Найрамдахчууд давамгайлж байгаа тул Обамагийн эрүүл мэндийн даатгалын хуулийг “үгүй” хийх ажил 2017 оны төлөвлөгөөнд багтаж байгаа. Хэдийгээр энэ хуулийг хүчингүй болгох тохиролцоо тус намын дотор давамгайлж байгаа ч нэгэнт хэрэгжиж буй хуулийг ямар хуулиар, хэрхэн орлуулах, ямар хугацаанд хийж гүйцэтгэх гэх мэт нэгдсэн байр суурь, ойлголтод хүрэх нь тийм ч амар биш гэж үзэж байна.
Одоогоор олон нийтэд мэдэгдэж байгаа мэдээлэл ийм байна.
Хэдийгээр Обамагийн 2010 онд гарын үсэг зурсан эрүүл мэндийн даатгалын хуулийг хүчингүй болгох нь тодорхой болж байгаа ч шинэ Ерөнхийлөгч тус хуулийн зарим чухал заалтыг хадгалах нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлж байсан билээ. Эдгээрт хүүхдүүд 26 нас хүртэл эцэг эхийн даатгалд хамрагдах, даатгалын компаниуд иргэдийг хууч өвчний улмаас даатгалд хамруулахаас татгалзахыг хориглох гэх мэт заалтууд нэн тэргүүнд багтаж байгаа билээ.
Мэдээг товчилж бэлтгэсэн Б.Төгөлдөр

Be the first to comment

Leave a Reply