Дээд шүүхээс Ерөнхийлөгчийн аялалын хориг хууль зөрчөөгүй гэж үзжээ.

Өнөөдөр АНУ-ын Дээд шүүх 5-4 саналаар Ерөнхийлөгч Трампийн лалын шашинтай орнуудад тавьсан аялалын хоригыг (Travel ban) дэмжсэн шийд гаргалаа. Ийнхүү Ерөнхийлөгч алба хүлээж авснаас хойш Дээд шүүх дээр анхны томоохон ялалтад хүрээд байна.

Өнөөдрийн Дээд шүүхийн энэ шийдвэрээс дараах асуултууд гарч болох юм.

1. Энэ шийдвэрийн дараа юу өөрчлөгдөх вэ?

Үндсэндээ ямар нэгэн практик өөрчлөлт гарахгүй.

Учир нь Хавай дахь Холбооны шүүгч АНУ-ын Засаг захиргааг Ерөнхийлөгчийн лалын шашинтай орнуудад тавьсан аялалын хоригыг хэрэгжүүлэхийг хориглох шийдвэр гаргасан ч өнгөрсөн 12-р сард Дээд шүүхээс тухайн шүүгчийн түр хоригыг хүчингүйд тооцсоноор Ерөнхийлөгчийн хориг үнэн хэрэгтээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хэрэг.

Харин өнөөдрийн Дээд шүүхийн шийдвэр нь өмнө нь аялалын хоригыг эргэн тойронд үүсээд байсан маргаан, тодорхой бус байдалд цэг тавьсан гэж ойлгогдохоор байна.

2. Аялалын хоригт ямар орнууд багтах вэ?
Ерөнхийлөгчийн аялалын хоригт одоогоор Иран, Ливи, Сири, Сомалиа, Иэмэн зэрэг орнууд хамаарч байна. Энэ жагсаалтад мөн Умард Солонгост багтаж байгаа ч сүүлийн үед тус оронд цөөн тооны виз олгоод байгаа юм.

Дашрамд дурьдахад хэдийгээр Венесуэль улс дээрх аялалын хоригт багтаагүй ч тухайн орны засгийн газрын дээгүүр албан тушаалын зарим хүмүүст АНУ-д аялахыг хориглосон байдаг.

3. Цагаан орон дээрх хориг өөрчлөлт оруулах боломжтой юу?
Өнгөрөгч 9-р сард хоригт Ерөнхийлөгч анх гарын үсэг зурснаар хойш Цагаан ордон аялалын хоригт орсон орнуудын жагсаалтад өөрчлөлт оруулсаар байгаа билээ. Жишээ нь хоригт ороод байсан Чад услыг хоригын жасгаалтаас хасаад байгаа бөгөөд тус орны иргэдийн визийн хүсэлтийг хянан шалгаж шийдвэрлэх явц АНУ-н стандартад нийцсэн гэж үзсэн ажээ.
Мөн л “хар” жагсаалтад ороод байсан Ирак улсыг Исламын улстай тэмцэх ажиллагаанд идэвхтэй оролцсон “гавъяа” байгуулсан үндэслэлээр тус жагсаалтаад хасаад буй.

4. Одоо энэ хэрэг эцэслэн шийдэгдсэн үү?
Товч хэлвэл өнөөдрийн Дээд шүүхийн шийдвэр нь үндсэндээ нэг асуултад нэг мөр хариулт өгсөн юм. Энэ нь Хавай дахь Холбооны шүүгчээс Ерөнхийлөгчийн аялалын хоригт тавьсан түр хоригыг дахин сэргээх үү, эсвэл бүр мөсөн хүчингүй болгох уу гэдэг асуулт байсан хэрэг. Тиймээс Дээд шүүх Хавай дахь шүүгчийн түр хоригыг хүчингүйд тооцсоноор Ерөнхийлөгчийн аялалын хориг хүчин  төгөлдөр үргэлжлэх боломжтой болж байна.

Дээрх аялалын хоригыг эсэргүүцэгчид Ерөнхийлөгчийн сонгуулийн компанийн үед болон сүүлд Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараах Трампийн хэлсэн үг, жиргээнүүд нь Лалын шашинтнуудыг ялгаварлан гадуурхсан гэж үзэж байгаа бол Дээд Шүүхээс өнөөдөр гаргасан шийдвэр нь Ерөнхийлөгчийн Лалын шашинтнуудын талаарх хэлсэн үгтэй холбоотой хэргийг шүүгээгүй бөгөөд харин Ерөнхийлөгчийн аялалын хориг нь Ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр өөрийн эрх мэдлийн хүрээнд авсан арга хэмжээ бөгөөд энэ нь хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлт гаргаад байна.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*