Роналд Рейгэний Нисэх буудалд цэнэгтэй буу авч орохыг завджээ

АНУ-н Тээврийн Аюулгүй Байдлын Газар (TSA-Transportation Security Administration- Цаашид TSA гэж товчлох) -с гаргасан мэдээнд сүүлийн 2 долоо хоногийн хугацаанд нисэх онгоцонд галт зэвсэгтэй нэвтрэх хоёр оролдлого гарчээ.

10 сарын 12-нд “BWI Marshall” онгоцны буудлын шалган нэвтрүүлэх дээр Мэрилэнд мужийн Hagerstown хотын 22 настай иргэний гар тээшээс 40 калибрын эвхэгддэг автомат буу илрүүлэн хураажээ. Хууль зөрчсөн иргэнийг Мэрилэнд мужийн Цагдаагийн газар баривчилж хэргийг шалгаж байгаа гэнэ. Тэрээр анх саатуулагдах үедээ “…миний гар тээшид буу байсныг мэдээгүй, учир нь манай ээж миний тээшийг бэлдэж өгсөн…” гэж мэдүүлжээ.

Мөн үүнтэй төстэй хэрэг “Reagan National” онгоцны буудалд гараад байна. Өчигдөр 10 сарын 16-ны Мягмар гарагт тус буудлын шалган нэвтрүүлэх цэгт нэгэн эмэгтэйн гар тээшийг шалгах явцад 9 мм-ийн, 14 сумтай, цэнэгтэй гар буу илрүүлж хураажээ. Түүнийг Вашингтон орчмын нисэх буудлуудыг Зохицуулах газрын Цагдаагийн хэсэг саатуулж, зохих хуулийн хариуцлага хүлээлгэсэн байна.

TSA-ийн мэдээлснээр он гарсаар “Reagan National” Нисэх буудлын шалтган нэвтрүүлэх цэгээр галт зэвсэг авч нэвтрэхийг завдсан 13 тохиолдол, “BWI Marshall” онгоцны буудлын хувьд 20 тохиолдол бүртгэгдээд байгаа ажээ.

Хураагдсан галт зэвсгүүдийн 80 орчим хувь нь цэнэгтэй байсан бөгөөд зөрчил гаргагчдын дийлэнх нь хувь нь буу авч яваагаа мэдээгүй, мартсан гэдэг тайлбар өгдөг ч энэ хуулийн хариуцлагаас зайлсхийх шалтгаан болдоггүй байна.

Холбооны улсын хуулиар онгоцоор зорчигчид гар тээшинд буу (галт зэвсэг) авч зорчихыг хориглодог бөгөөд хууль зөрчигчид буу цэнэгтэй эсэх, буу эзэмших зөвшөөрөлтэй эсэхээс үл хамаарч хуулийн хариуцлага тооцдог байна.

Вашингтон орчмын нисэх буудлуудыг Зохицуулах Газрын Цагдаагийн Газар анх удаа зөрчил гаргагчийг шүүхэд шилжүүлэхгүй, арга хэмжээ авах эрхтэй байдаг бөгөөд анх удаа зөрчил гаргагчид иргэний хариуцлага тооцож, $3,900-$13,000 хүртэл торгууль ногдуулдаг байна.

Агаарын тээврийн хуулинд цэнэггүй галт зэсвгийг хатуу гадартай, түгжээтэй саванд, сумнаас тусад нь савласан бол онгоцонд авч орохыг зөвшөөрдөг бол мөн цэнэггүй галт зэвсгийг гаалийн мэдүүлэгт үнэн зөв мэдүүлж, агаарын тээшинд өгч болдог байна. Мөн тухайн нисэх буудал байрлаж буй, нислэг хүлээн авч буй хот, муж, улс орнууд галт зэвсгийн тухай өөр өөр журам, хууль мөрдөж болдог бөгөөд хамгийн аюулгүй сонголт нь агаарын тээшинд (check-in baggage) хийж, гаалийн мэдүүлэгт үнэн зөв мэдүүлэх явдал гэдгийг мэргэжлийн байгууллагууд зөвлөсөн байна.

Be the first to comment

Leave a Reply