Гурван долоо хоногийн өмнө албан тушаалаас зайлуулагдаад буй Өмнөд Солонгосын анхны эмэгтэй Ерөнхийлөгч асан Park Geun-hye-г орон нутгийн цагаар Баасан гарагт баривчлан саатуулжээ. Ерөнхийлөгч асанг 9 цаг орчим байцаасны эцэст дүүргийн шүүхээс түүнийг хорьж байцаах зөвшөөрөл олгосноор түүнийг түр саатуулаад байна.Шүүхийн тогтоол дагуу түүнийг дээд тал нь 20 хүртэл өдөр саатуулж болох ажээ.
Park Geun-hye-д авилга, эрх мэдлээ урвуулан ашигласан гэх мэт нийт 13 төрлийн хэрэгт буруутган мөрдлөн шалгаж байгаа бөгөөд түүнийг эд мөрийн баримт устгах, улмаар мөрдөн байцаалтад нөлөөлж болзошгүй тул хорьж шалгах хүсэлтийг прокурорын газраас гаргаад байсан нь ийнхүү шүүхийн зөвшөөрлийг авч чаджээ. Ерөнхийлөгч асан Park Geun-hye-г тухайн авилгын хэрэгт сэжиглэгдсэн Самсунг группийн удирдагч Jay Y. Lee-г хорьж буй хорих төвд хориод байна.
Дашрамд дурьдахад Өмнөд Солонгос улс 1980 оноос албан ёсоор ардчилсан засаглалд шилжсэн гэж үздэг бөгөөд энэ хугацаанд ерөнхийлөгч нь эрх мэдлээ хураалгаж, улмаар хоригдон шалгагдаж байгаа анхны тохиолдол билээ.
Ерөнхийлөгч асан Park Geun-hye хэрэв албан тушаалаа урвуулан ашигласан, эрх мэдлээ хэтрүүлсэн, авилгын хэрэгт гэм буруутай нь шүүхээс нотлогдвол тус улсын хуулиар насаараа хоригдох хүртэл ял авч болохоор байгаа ажээ. Хэрэв Park Geun-hye гэм буруутай нь тогтоогдвол шүүхээс ял шийтгэгдсэн Өмнөд Солонгосын гурав дахь ерөнхийлөгч болох юм. Өмнөд Солонгосын түүхэнд урьд нь Chu Doo-hwan болон Roh Tae-woo гэх хоёр ерөнхийлөгчид авилга хээл хахуулийн хэрэгт ял шийтгэгдэж байсан ч тэд ерөнхийлөгчийн албанаас буусны дараа хэрэгт холбогдож байсан гэнэ. Тэд хоёулаа богино хугацаанд ял эдлээд өршөөлөөр суллагдаж байсан гэх ба өдгөө амьд сэрүүн байдаг ажээ.
Leave a Reply
You must be logged in to post a comment.