С.БАЯР: ХООЛТОЙ БАЙЦААЛТ

ХООЛТОЙ БАЙЦААЛТ
2018 ОНЫ 5-Р САРЫН 4
Өглөө босоод юмаа бичээд сууж байтал харгалзагч залуу “Мөрдөн байцаагч ирсэн. Гараарай” гэлээ. Энгэртээ дүрс бичлэгийн жижиг дурантай нөгөө ахлагч нарын нэг нь намайг хонгилын төмөр торны цаана нь хүлээж байна. Гадаа дулаарч, шоронгийн хашаанд суулгасан хэдэн модны нахиа цухуйж, замын дагуу тарьсан бургас гөлөглөж эхэлжээ. Хотын төв цэвэрлэх байгууламжийн өмхий хэдэн цөөрөм 461-р ангийн баруухан талд байрладаг. Өвөлдөө бүрхсэн байсан мөс цас нь хэдийнээ хайлсан, салхи баруунаас байгааг ч хэлэх үү бохирын үнэр танар үнэн хэцүү байна. Цээж дүүрэн амьсгалан аль болох удаан алхахаа боддог байсан бол, хүрэмнийхээ захаар ам хамраа тагласхийгээд аль болох түргэн доголсоор уулзалтын байранд орлоо. Мөрдөн байцаагч нөгөө залуу намайг хүлээгээд сууж байна.

“Таныг өнөөдөр гадуур байцаана. АТГ дээр очно. Хяналтын прокурор болон таны өмгөөлөгч нарыг байлгаж байгаад танаас байцаалт авна. Тэгээд манай газрын дарга тэр үед завтай байх юм бол таныг уулзуулна. Та хэлье гэснээ түүнд хэлнэ биз” гэлээ. Гадуур байцаалтанд явна гэдэг нь бөөн ажил болдог аж. 461-р ангийн хяналтын алба, намайг авч явах АТГ-ын тэр ажилтан хоорондоо баахан бичиг баримт бүрдүүлж гарын үсэг зураад, шоронгийн хашаанаас гарахын өмнө намайг нэг сайн нэгжиж аваад, машинд суулгаад аваад явлаа.

АТГ дээр ирлээ. Гол хаалгаар нь биш, хашаан дотроос нь тэр байшинд нэвтрэв. Хонгил сүлжиж явсаар байцаалтын өрөөнд намайг орууллаа. Тэнд манай өмгөөлөгч ирчихсэн байж байна. Удалгүй нөгөө мөрдөн байцаагч, хяналтын прокурор хоёр орж ирэв. Байцаалт эхэллээ. Нөгөө л Оюу толгойн гэрээ, нөгөө л долоон байшин. Манай охинтой хамтарч АНУ-д үл хөдлөх хөрөнгийн бизнес хийдэг Давааням найзын тухай асууж байна. Бид хоёр хэдийд, яаж танилцсан, манай охинтой бизнес хамтран хийх санааг хэн анх гаргасан, тэр бизнест нь миний оролцоо байдаг эсэх талаар аль гурван жилийн өмнө асууж байсан зүйлээ дахин асууж байна.

Үдийн цайны цаг болж, байцаалтаа түр завсарлана гэнэ. Хяналтын прокурор нь гараад явчихлаа. Өмгөөлөгч маань “би гараад танд бэлэн хоол аваад ирэх үү” гэж байна. Тэгтэл байцаагч “хэрэггүй. Бид энүүгээрээ хоол өгнө. Та өөрөө ундаа уучихаад нэг цагийн дараа ир” гээд өмгөөлөгчийг явуулав. Дараа нь намайг дахин хонгил, шат сүлжин дагуулсаар ганц ширээ, хэдэн сандалаас өөр тавилгагүй нэг өрөөнд оруулав. Тэр нь АТГ-ын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргалын уулзалтын өрөө бололтой.

Удалгүй Х.Энхжаргал өөрөө ороод ирлээ. Би түүнийг зүс мэдэх төдий. Энд тэнд ганц нэг таарч байснаас цаашгүй. Намайг Ерөнхий сайд байхад тэрээр Замын цагдаагийн газрын дарга байсан гэсэн. Би тэр үед ЦЕГ-ын даргатай л албаны шугамаар харилцана. Түүний орлогч, газар хэлтсийн дарга нарыг нь таньдаггүй, танилцъя гэж ч боддоггүй явж. Даргаа давж уулздаг хүмүүст би дургүй, нэгдмэл удирдлагын зарчимд харш гэж үздэг байв.

Х.Энхжаргал дарга мэнд мэдээд “Та надтай уулзъя гэж хэлүүлсэн байсан. Уулзангаа манай цайны газраас хоол аваад идчих үү. Байцалтанд авчирсан хүнээ хоолоор хясалтай биш” гэж байна. “Болдог юм бол тэгье л дээ. Гэхдээ би эмнэлгийн дэглэмд орсон учраас өөх тос багатай юм иддэг болсон” гэв. Туслах нь бололтой нэг залууг дуудаад Х.Энхжаргал дарга үүрэг өгөөд хоолонд явуулав.

Тэгээд намайг ажиглан хэсэг сууснаа “Та жин хасаа юу даа? Телевизээр арай махлагдуу харагддагсан” гэж байна. Юу гэнээ? Энэ нөхрийн гарын үсэгтэй бичиг явж, прокурор, шүүх нь шийдээд би шоронд хоригдсон. Хорьсон хүнийхээ жин бангийн хорогдол асуусан шиг сууж байх шив дээ… Тавлаад байна уу, яагаад байна гэх бодол зурсхийн орж ирж байна. Гэхдээ тийм байлаа ч уурлаж, бухимдаж болохгүй. Ярианы зай завсар бөглөх гэж асуусан байж болно шүү дээ гэж өөрийгөө тайвшруулав. “Мацаг барих маягтай холлож байгаа учраас жин овоо хасагдсан. Бие хөнгөрөөд харин ч зүгээр юм” гэлээ. Өөр юм ярьсангүй, хэсэг дуугүй суулаа. Нөгөө залуу удалгүй хоол оруулаад ирж байна.

Хоолоо идээд би шулуухан ярьлаа. “Би танд гурван зүйл хэлье гэж бодсон юм. Нэгд, танай АТГ намайг “гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор тогтвортой бүлэг байгуулсан” гэх хүнд зүйл ангиар яллаж байгаа юм байна. Зөвхөн намайг биш, 461-р ангид хоригдож байгаа хэсэг хүнтэй хамт яллаж байгаа. Энэ “бүлгээ” би хэдийд, яаж зохион байгуулсан, хэр хэмжээний ашиг олсон талаар надаас асууж шалгаж байгаа юм өнөөг хүртэл алга. Арван хоёр жилийн ялтай энэ зүйл ангиар яллаж байгаа бол гэмт хэргийн бүрэлдэхүүнийг нь сайтар мөрдөн шалгаад, сайн нягтлаач гэж хүсэх гэсэн юм. Эсвэл намайг удаан хорих учраас энэ мэтийн зүйлийг тодруулж асуух арай болоогүй гэж үзэж байгаа юм уу?

Хоёрт, Оюу толгойн гэрээг байгуулахдаа намайг гаднаас авлига авсан байж болзошгүй гэж үзсэн. Надаас энэ талаар асууж байгаа юм бас алга. Би авлига авсан бол, түүнийг нь надад өгсөн этгээд заавал байх учиртай. Энэ чиглэлээр манай талаас гадаадын холбогдох улсын хууль хяналтынханд нь хандаач гэж би танай байгууллагад хүсэлт тавиад гурван жил болж байна. Нэг талыг нь шалгасан болоод өнгөрвөл өрөөсгөл юм болно. Тэгсхийж байгаад “шалгаад нотлогдсонгүй” гэсэн бичиг би танай АТГ-аас дахин авмааргүй байна. Тийм бичиг ямар ч ач холбогдолгүй юм билээ. “Шалгасан царайллаа, аргацаалаа” гээд шүүмжлэнэ. Энэ нь надад ч, та нарт ч огт хэрэггүй. Би нэгэнт шалгуулж байгаа юм чинь бүрэн шалгуулъя, нэрээ бүрэн цэвэрлэе, буруутай бол ялаа авъя гэж бодоод шоронд сууж байгаа хүн шүү дээ, Энхжаргал дарга аа.

Эцэст нь хэлэхэд, Оюу толгойн гэрээний санхүү бизнесийн тооцоо мэтийн нарийн ширийн юм танай байцаагч нар асуугаад байгаа. Үзэх харах юмгүй, гар хоосон шоронд суугаа мань мэт нь тэр бүхнийг чинь цээжээр хариулж чадахгүй байна. Үүнийг шалгаж тодруулах шаардлагатай байгаа бол биднийг гадуур байцаахад болохгүй юм юу байна, Энхжаргал дарга аа. Ганц намайг гаргаач гээгүй шүү. Намайг суллаад бусдыг нь энд үлдээвэл “намчирхлаа” гээд бөөн улстөржилт явна. Үүнийг та ч, би ч ойлгож байгаа. Ардын намын С.Баяр, Ардчилсан намын Ч.Сайханбилэг, С.Баярцогт, өөр хэдэн залуусыг бүгдийг нь гаргаач гэж хэлж байна. Хэд хоноод бидний хоригдох нэг сарын хугацаа дуусна. Цааш үргэлжлүүлэн хорих уу, гадуур байцаах уу гэсэн саналаа танай байгууллага гаргаж таарна. Үнэн мөнийг тогтооё, шуурхай ажиллая гэж байгаа биз дээ? Үнэхээр тийм бол биднийг гаргаад, гадуур байцаасан нь дээр биш үү” гэлээ.

Х.Энхжаргал дарга хэлснийг маань дэвтэртээ бичиж авч байна. Тэгснээ “За би таныг сонслоо. Өөр санал, гомдол байна уу” гэж байна. “Үгүй” гэлээ. Би эргээд байцалтандаа орж, орой нь 461-р ангид хүргэгдэв

https://www.facebook.com/BayarSanjiin
Номыг 88099887 утсаар захиалаад үнэгүй хүргүүлж аваарай

Be the first to comment

Leave a Reply