Жамбал дархан наян гурван насан дээрээ зөнөглөв. Архинд дуртай бөгтгөр хар өвгөн юмсан. Уг нь удамт цуутай дархан билээ. Мод, төмөр, алт, мөнгө цөмийг хийнэ.
Нас өтөлж гар хуруу нь эвлэхээ байж, нүдний нь хараа муудахаар авгай нар тогооны хариулга уулгаад алх сүхээ ишлүүлэх юм уу хугархай шанага, цоорхой хувингаа гагнуулах болов.
Айлын саравчинд дороос чийг татахгүй гэж адсага дэвсүүлээд цагааны шар шүүснээс чангагүй хариулга нэг данхыг хажуудаа тавиад төмрийн бал, модны давирхай нэвт шингэж, түлэнхий борц шиг болчихсон мойног хуруунуудаа эвлүүлж ядан, хамраа шуухитнуулж сууна. Тэгээд нөгөө муу хариулганаасаа том шаазанд хийж жавьжаараа савируулан залгилахад төвөнхний нь мөгөөрс дээш доош гүйж ходоод хоолой нь хүд хүд дуугарна.
Тэгэхээр нь хүүхдүүд бид шоолон инээлдэхэд хулгар чихэндээ шөрмөсөөр тогтоосон гуулин хүрээтэй дугираг саравчныхаа дээгүүр хялайн харж,
Босоо ороолонгууд зайлцгаа! гэж аашилдаг байв. Тэгж сууснаа нөгөө муу хариулгандаа согтоод алх дөш хамаг юмаа талаар нэг шидчихээд айлын хооронд өөд сөөргөө бөгтөгнөж хар нударгаа зангидан газар тэнгэр цөмийг зүхэн агсарч явна.Тэр жилийн зун өгөрч хэвтсэн хөөргөө тавьж зэвэрч хэвтсэн дөшөө зоогоод нарийн төмөр ширээж ямар нэг сонин юм дархалж эхлэв. Бид юу хийхийг нь үзэх гэж өдөржин сахидаг боллоо. Жамбал гуай бид нараар залхтал хөөрөг даруулж хасуураа бариулах бөгөөд заримдаа балтаа алдаж орхиод,
-Гараа хугарсан! босоо ороолонгууд гэж хараана. Өвгөн дархан эхлээд модон бултай төмөр хигээстэй хоёр нэг жижиг дугуй хийж давирхайлав. Дараа нь хоёр том дугуйгаа төмөр голоор холбож хуучин өвсний машины зүрх араа суулгаад жижиг дугуйгаа түүнтэй холбов. Хүүхэд багацуул байтутай томцуул ч гайхан сонирхох болов. Харин Жамбал гуай чухам юу дархалж байгаагаа хэлж өгөхгүй, хүн шалгаагаад байвал уурладаг байв, Нөгөө гурван дугуйдаа баахан араа шүд тааруулаад гөлмөн төмрөөр хоёр том далавч хийж бэхлэв. Тийн нэг өглөө үээгдээгүй сонин юм болох дөхлөө. Хүүхдүүд бид тэр гайхамшигт төмөр шувуу хэрхэн нисэхийг үзэх гэж хэд хоног тэсгэлгүй хүлээсэн билээ. Тэр өглөө цэлмэг сайхан байлаа. Салхи ч үгүй, үүл ч үгүй нисдэг л юм бүхэн нисэхээр байжээ.
Жамбал гуай төмөр далавчит оньсон тэргээ зам дээр аваачиж урт оосроор оосорлоод биднээр чирүүлж гүйлгэв. Өөрөө хормойгоо шуугаад хойноос нь тэнхээ мэдэн харайлгаж,
– Хүүе босоо ороолонгууд бушуул! Түргэл! гэж хашгирав. Бид хурдан морины хүүхдүүд гийн гоолох адил дуу шуу тавьж замын тоос манартал гүйлдэн төмөр далавчаа сар пар дэвж яваа дээхгэр тэрэг маань хэзээ энэ хөх тэнгэр өөд нисэх юм бол гэж эргэн эргэн харцгаав. Тэгтэл тэр маань нисэх байтугай нэг сөөм ч хөөрсөнгүй. Бид ч хуурай газар хаягдсан загас мэт ангалзан зогсов. Жамбал гуай элгээ тэврээд пүфф-пүфф-босоо ороолонгууд! гэж амьсгаадан байв.
Тэгээд бид гайхамшигт оньсон тэргээ урамгүй чирсээр дархны саравчны хажууд авчирч хаяв. Ямар нэг эрэг шураг нь дутагдсанаас ийм боллоо гэж бодож байсан билээ.
Оньсон тэргээ амжилтгүй туршсанаас өвгөн дархан ихэд гутарч хэдэн аяга хариулга уугаад аанай л газар тэнгэр лус савдаг бүхэнд агсарч,
– Би юу ч хийж чадна. Үзээд байгаарай! Би оньсоороо диваажинд нисэж очно, Муусайн чавганц нар өмхий хар усаа харамлаж суухад би бурхны мутраас нанчид хүртэнэ. Хүүе та нар дуулж байна уу Би энүүгээрээ диваажинд нисэж очно! Дарь эхийн гараас алтан тагштай нанчид хүртэж жаргана. Тэгээд муусайн чавганц нарт тэнгэрээс салаавч тавина гэж төмөр далаачаа унжуулсан оньсон тэргээ тойрон хашгирч явав. Маргааш нь хөөрхий Жамбал гуай орноосоо босох тэнхэлгүй болсон бөгөөд гурав хоногийн дараа бурхан болов.
Нөгөө диваажинд хүргэх оньсон тэрэг нь бидний тоглоом болж удсан ч үгүй далавч нь санжганав. Сүүлд дарханы ач нар хоёр том дугуйд нь урт мод хадаж ус зөөдөг тэрэг болгож билээ.
Өвгөн дархан үхэн үхтлээ тэнгэрт нисэх оньсон тэрэг хийж чадна гэж итгэж явсан болов уу?
С.Эрдэнэ
Leave a Reply
You must be logged in to post a comment.