Арлингтон хотын Ахлах сургууль төгсөлтийн хувь 95 хүрлээ

2017-2018 оны хичээлийн жилд Арлингтоны Ерөнхий Боловсролын Сургуулийн Дүүрэгт хамаарах Ахлах Сургуулиудын төгсөлтийн хувь (On-Time Graduation Rate (OGR) 95 хувьтай гарсан нь Виржиниа мужийн хэмжээнд төдийгүй Холбооны улсын хэмжээнд дээгүүр хувьд тооцогдож байна. Мөн 2018 онд Ахлах сургуулийг хугацаандаа төгссөн нийт 1445 сурагчдын 66 хувь нь “Advanced Studies” болон “IB ” дипломтай төгссөн бол судалгаанд хамрагдсан нийт сурагчдын 91 орчим хувь нь цаашид коллежед элсэн суралцахаар төлөвлөсөн байна.

On-Time Graduation Rate (Цаашид OGR гэж товчлох)- буюу ахлах сургуулийн төгсөлтийн хувийг сурагч ахлах сургуульд элсэн орсноос хойш 4 жилийн дотор Боловсролын Яамнаас итгэмжилсэн дипломтай төгсч буй тоогоор гаргадаг байна. Өөрөөр хэлбэл энэ жилийн ахлах сургууль төгсөлтийн хувь нь 2014-2015 оны хичээлийн жилд 9-р ангид элсэн орж, 2018 онд Ахлах сургуулийн дипломтай төгсч буй сурагчдын тоо юм.

Арлингтон хотын Ахлах сургуулиудын OGR хувь 2009 онд 85 хувьтай байсан бол энэ жилийн байдлаар 7 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд энэ үзүүлэлтийг хотын 3 бүрэн ахлах сургууль буюу Wakefield, Washington-Lee, Yorktown сургуулиудыг төгсөгчдийн хувиар тооцдог ажээ.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй сурагчдын ахлах сургууль төгсөлтийн хувь 95 хувьтай гарсан бөгөөд өнгөрсөн жилээс 2 хувиар өссөн нь огцом өсөлтөд тооцогдож байгаа юм.
Ахлах сургууль завсардалтын хувь 2017 оны үзүүлэлтээс 1.6 хувиар буурч 5 хувьтай гарсан бөгөөд энэ үзүүлэлт сүүлийн 5 жилд тогтмол буурч байгаа ажээ.

Харин Виржиниа мужийн хэмжээнд ахлах сургууль төгсөлтийн хувь 91.6 хувьтай гарсан нь өнгөрсөн жилээс 0.5 өссөн дүн ажээ. Мужийн хэмжээгээр ахлах сургуулийн завсардалтын хувь 5.5 хувь байгаа нь өнгөрсөн жилээс мөн буурсан үзүүлэлт болж байна. Виржиниа мужийн Боловсролын Яамнаас гаргасан ахлах сургуулийн төгсөлтийн дэлгэрэнгүй тайланг ЭНД үзнэ үү.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*