ДС-Росслинг холбосон I-66 гүүрийн засвар эхэлж байна

Хот хоорондын I-66 замын ДС-Росслинг холбосон гүүрийн засвар эхэлж байгаа тухай Виржиниа Мужийн Тээврийн Яам (Virginia Department of Transportation)-аас мэдээлжээ.

Засварын ажил явагдах ажлын бүсд бетонон тусгаарлагч байрлуулах ажил урьд шөнө (Лхагва) эхэлсэн бол өнөөдөр шөнө үргэлжлэх ажээ.

Гүүр засварын ажлын үед I-66 замын зүүн чиглэлийн нэг эгнээг Даваа-Баасан гарагуудад шөнийн 9:30- өглөөний 5:00 цаг хүртэл, харин баруун чиглэлийн урсгалын нэг эгнээг Даваа-Баасан гарагуудад шөнийн 10:00 цагаас өглөөний 5:00 цаг хүртэл тус тус хаах юм.

Мэргэжилтнүүдийн тооцоогоор замын эгнээг хааж ажил гүйцэтгэхэд тус замын хөдөлгөөнд ноцтой хүндрэл гарахгүй гэж үзэж байгаа бөгөөд гүүр засварын ажил 2019 оны зун дуусах төлөвлөгөөтэй байна.

Мөн энэ ажлын хүрээнд өмнө зүгт GW (GW Parkway) замаас Roosevelt гүүр болон баруун чиглэлийн 50-р зам руу нийлдэг гарцыг шаардлага гарсан шөнийн 12 цагаас өглөөний 5 цагийн хооронд түр хааж хязгаарлалт хийж байхаар болжээ.

Нийт 5.7 сая долларын төсвөөр хэрэгжих тус төслийн хүрээнд гүүрийн өнгөн хэсгийг шинэчлэх, тулгуур баганыг засварлаж сэлбэх, I-66 замын гүүртэй нийлж буй гадаргууг дахин засварлах ажлуудыг гүйцэтгэх ажээ.

Дашрамд дурьдахад өдөрт I-66 замын зүүн чиглэлд 54,000 орчим, баруун чиглэлд 44,000 орчим тээврийн хэрэгсэл зорчдог тооцоо бий.

Be the first to comment

Leave a Reply