Тоёота компаний зарим машины ослын дэр ажиллахгүй байх эрсдэлтэй

Тоёота компанийн дэлхий даяар борлогдсон нийт 645 000 автомашины ослын дэр ослын үед ажиллахгүй байх эрсдэлтэй гэж үзэж эргүүлэн татаж засварлахаар болжээ.
Эдгээр автомашинуудад 2015 оны 05 сараас 2016 оны 03 сарын хооронд үйлдвэрлэгдсэн Toyota Prius болон Lexus RX, NX маркийн машинуудаас гадна зарим төрлийн Alphard, Vellfire, Sienta, Noah, Voxy, Esquire, Probox, Succeed, Corolla, Highlander, Levin, Hilux зэрэг моделууд хамрагдаж байгаа ажээ.

Тус компанийн мэдэгдэлд дурьдсанаар дээр дурьдсан маркийн машинуудын ослын дэрний цахилгааны системд үүсч мэдэх доголдол нь ослын дэрний анхааруулах гэрэл асахад хүргэж, энэ нь хажуугийн болон хянах самбарт байрлах ослын дэрүүдийг идэвхгүйжүүлж болох эрсдэлтэй гэж үзэж байна.

Тиймээс дэлхийн улс орнууд дахь Тоёота компаний дилерүүд эдгээр маркийн машинуудын сериал дугаар бүрээр хянаж, дээрх эрсдэлд багтах авто машины эздэд ирэх 03 сарын сүүлээс эхлэн бичгээр мэдэгдэл хүргүүлэхээр бэлдэж байна. Дилерүүдэд шаардлагатай автомашинуудын ослын дэрний цахилгааны системийг үнэгүй сольж өгөх тухай дурьджээ.

Be the first to comment

Leave a Reply