Uber-ийн автомат машинд хүн дайруулж нас баржээ.

Uber компаний туршиж байсан автомат машин (Self-Driving car- цаашид автомат машин гэх) Ням гарагийн үдэш явган зорчигч дайрч, улмаар хохирогч амь үрэгдсэн харамсалтай осол гараад байна.

Аризона мужийн Tempe хотод болсон ослын үед хэдийгээр тухайн автомашин бүрэн автомат горимоор хөдөлгөөнд оролцож байсан ч ослын үед хяналтыг авах үүрэгтэй жолооч жолооны хүрдний ард байсан тухай орон нутгийн цагдаагийн газрын мэдээнд дурьджээ. Болсон хэрэг явдал, ослыг нарийвчлан мөрдөн шалгаж ажиллагаа үргэлжилж байгаа юм.

Амь үрэгдсэн хохиргч 49 настай Elaine Herzberg гэгч байсан бөгөөд цагдаагийн газрын мэдээнд дурьдсанаар хохирогч гарцгүй газраар зам хөндлөн гарч явсан байж магадгүй байгаа ажээ. Хохирогчийг ослын дараа яаралтай тусламжаар эмнэлэгт хүргэсэн ч амийг нь аварч чадаагүй байна.

Ослын дараагаар Uber компани Pittsburgh, Tempe, San Francisco, Toronto зэрэг хотуудад явуулж байсан автомат машины туршилтын үйлчилгээгээ бүрэн зогсоогоод байна.
Uber Компанийн Гүйцэтгэх захирал Dara Khosrowshahi болсон үйл явдалд гүнээ харамсч буйгаа илэрхийлээд ослыг мөрдөн шалгах үйл ажиллагаанд орон нутгийн хууль сахиулах байгууллагуудтай нягт хамтарч ажиллах болно гэжээ.

Энэ осол нь автомат машинтай холбоотой анхны зам тээврийн осол биш бөгөөд 2016 оны 05 сард Флорида мужид ‘Tesla’ компанийн Model S маркийн машин автомат жолоодлогын горимд явах үедээ чиргүүлтэй машины араас мөргөж, ‘Tesla’ машины жолооч ослын газарт амь алдаж байсан юм. Шинжээчдийн дүгнэлтээр жолооч автомат машинд бүх удирдлагыг бүрэн шилжүүлж өөрөө замын нөхцөл байдлыг хянах үүргээ гүйцэтгээгүй гэж гарч байжээ. ‘Tesla’ компанийн машины эзэмшигчид бүрэн автомат жолоодлогын үед замын нөхцөл байдлыг байнга хяналтад байлгах, энэ үүргээ биелүүлээгүйгээс үүссэн  нөхцөл байдлыг өөрөө бүрэн хариуцах гэрээтэй байдаг ажээ.

Харин урьд шөнө гарсан осол нь дэлхийд анх удаа автомат машин явган зорчигийн аминд хүрсэн тохиолдлоор бүртгэгдэх нь тодорхой юм.

 

Be the first to comment

Leave a Reply