ОХУ-д галын улмаас 37 хүн амь үрэгдээд байна

ОХУ-н Сибирийн Кемерова хотод худалдааны төвд гал гарч одоогийн байдлаар 37 хүн амь үрэгдсэн харамсалтай осол гараад байна.

Амь үрэдгдэгсдийн 11 нь хүүхэд байгаа тухай ОХУ-н Мөрдөн Байцаах Хороо албан ёсоор мэдээлээд байгаа юм.

Орон нутгйн цагаар Ням гарагийн үдээс хойш тус хотын томоохон худалдаа үйлчилгээний төвд гал гарч, галыг 12 цагийн дараа хяналтад оруулсан бөгөөд ихээхэн шатаж, зарим хэсэгт дээвэр хана нь нурсан барилгаас сураггүй бологсдыг хайх ажил ид үргэлжилж байгаа ажээ.

Одоогийн байдлаар 69 хүн,үүний дотор 40 хүүхэд сураггүй болоод байна. Тус төвийн кино театр болон хүүхдийн тоглоомын хэсэгт олон хүүхэд байсан нь ийнхүү уршигт үр дагаварт хүргээд байгаа юм. Мэргэжлийн байгууллагын урьдчилсан дүгнэлтээр гал хүүхдийн тоглоомын хэсгээс эхэлсэн бөгөөд цахилгааны зүй бус ашиглалт гал алдахад хүргэсэн байж болзошгүй байгаа гэнэ.

Мөн тус хотын захын дүүргийн нэгэн бага сургуулийн 8 сурагч багшийн хамт тус худалдааны цогцолборт аялал хийж явсан ч одоогоор тэдгээр хүүхдүүдээс амьд олдоогүй байгаа нь олны санааг зовоож байгаа юм. Оросын хэвлэлүүдэд мэдээлснээр аялалыг удирдаж явсан багш хүүхдүүдийг кино теарт кино үзүүлж үлдээгээд өөрөө дэлгүүр хэсч явсан тухай мэдээлжээ. Тиймээс удирдах хүнгүй хүүхдүүд аврагдаж чадаагүй гэсэн таамаг байгаа юм.

Галын улмаас 43 хүн хүнд хөнгөн түлэгдэлтэй эмнэлэгт хүргэгдэж, эдгээрийн 37 нь эмнэлэгт эмчлүүлж байгаа тухай хэвлэлд мэдээлжээ. Кемерова хот нь ОХУ-н Кемерова мужийн хагас сая орчим хүн амтай, томоохон уул уурхайн бүсийн хот ажээ.

 

Be the first to comment

Leave a Reply