Такси үйлчилгээний “Uber” компани Вашингтон ДС хотод 160 000 долларын торгууль төлөх, улмаар тус хотын нийтийн ашиг тусад нийцэх тодорхой төслүүдэд 250 000 долларын хөрөнгө оруулалтын туслалцаа үзүүлэх тохиолцоонд хүрээд байна. Хотын захиргаа “Uber” компанийг хүн тээврийн үйлчилгээ үзүүлэх эрх зүйн чадамжгүй, өөрөөр хэлбэл зохих зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан гэсэн маргаан олон жил дамнан үргэлжилж байгаа бөгөөд “Uber” компанид ажиллах жолооч нарыг элсүүлэхдээ таксины жолооч нарын нэгэн адил нөхцөл тавих ёстой гэж шаардаж байсан юм.
Ийнхүү удаан үргэлжилсэн маргаан эцэс болж “Uber” компани Вашингтон ДС хотод “хэл амгүй” үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдэж байгаа бололтой. Тохиролцоо ёсоор “Uber” компани эрх зүйн зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсны хугацааны торгуульд 160 000 долларыг Вашингтон ДС хотод төлөх бол тэргэнцэртэй иргэд нийтийн тээврээр саадгүй зорчих нөхцөл хангах төсөл болон, Вашингтон ДС хотын метроны буудлууд хооронд “UberPool” үйлчилгээг илүү хямдаар тогтмол үйлчилгээ үзүүлэхэд зориулж 240 000 долларын хөрөнгө гаргах хариуцлага хүлээж байгаа ажээ.
Үнэндээ “Uber” компани яг ийм үндэслэлээр олон хоттой “нэгийгээ үзэх” нь нэгэнт хэвийн үзэгдэл болж ихэнх тохиолдолд хэрүүл шуугиан багатай учир зүйгээ олдог бол зарим тохиолдолд шууд тус хотыг орхин гарах шийдмэг шийдвэр гаргадаг билээ. Үүний нэг жишээ нь тус компани Аустин хоттой ижил төрлийн маргаан өрнүүлж, улмаар тохиролцоонд хүрч чадаагүй тул “Uber” компани, үүний дараа ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг “Lyft” компани тус хотод үйл ажиллагаагаа зогсоож байсан юм. Мөн энэ оны эхээр “Uber” компани Балтимор хоттой мөн адил төрлийн маргаан өрнүүлж, улмаар “Uber” компани тус хотыг орхин гарахаар сүрдүүлж байж санасандаа хүрч байв.
Мөн Пенселваниа муж тус компанийг зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан гэсэн маргаан саявтар эцэслэж, “Uber” компани 2014 онд 6 сарын хугацаанд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсаны торгуульд 3.5 сая доллар төлөх тохиролцоонд хүрээд байна.
Leave a Reply
You must be logged in to post a comment.